Анх “Дүүриймаа” дуугаар олонд танигдан гарч ирэн, урлагийн салбарт аль хэдийн өөрийн байр суурийг эзэлсэн дуучин бол Б.Алтанжаргал билээ. Тэрбээр Монгол ардын болон уртын дууны чиглэлээр арав гаруй уран бүтээлийг амилуулаад байгаа юм. Гаргасан уран бүтээл нь ч хүмүүсийн сонсох дуртай дуунуудын нэг болоод буй. Ингээд авьяаслаг уран бүтээлч Б.Алтанжаргалтай ажил, амьдралынх нь тухай цөөхөн хэдэн хором ярилцсанаа хүргэе.
- Ардын дуу дуулах болсон тухайгаас тань яриагаа эхлэе. Дуучин болоход нөлөөлсөн хүн байгаа юу?
- Багаасаа уртын дуу дуулж өссөн. Мөн хөдөө өссөн болохоор орчин их нөлөөлсөн байх. Эмэг эх маань нутагтаа сайхан дуулдаг хэмээн алдаршсан, найр эхлүүлж, хөгжөөдөг хүн байсан юм. Тэр хүний зааврыг дагаж, уртын дуу заалгаж, дуучин болсон гэхэд болно. Ерөнхийдөө удам дамжсан зүйл. Арван жилийн сургуулиасаа л тэмцээн уралдаанд их ордог байлаа.

- Тухайн үедээ ямар дуу голдуу сурч байв?
- Манайх Төв аймгийн Баян цагаан суманд амьдарч байсан. Манай нутаг найр наадам хийх нарийн дэг жаягтай. Тухайлбал, Боржигин найр гээд л хийдэг байлаа. Тиймээс Боржигин дуу сурч дуулдаг байсан.
- “Дүүриймаа” дуу нь таны хамгийн анхны дуу бөгөөд олон хүний сэтгэлд хүрсэн бүтээл. Дуу бүтсэн түүхээсээ хуваалцаач?
- Миний бие дааж хийсэн анхны уран бүтээл болох Дүүриймаа нь 2012 онд хийгдэж байсан. “Ганц дээлтэй барилдаан ч” гэдэг шиг л ганцхан ардын дуутай явдаг байлаа. Тухайн үед ардын дуу дуулах хүсэлтэй байсан. Мөн үндэсний агууламжтай хамтлагууд их гарч ирж байсан үе. Найзтайгаа ярилцаж байгаад этник стилээр дуу хиймээр байгаа тухайгаа ярилцсан. Тэгээд хамгийн анхны сонгогдсон дуу “Дүүриймаа” юм. Энэ дуу нь олонд мартагдаж байгаа дуу. Миний бодлоор эрэл хайгуул хийж, олонд мартагдсан дууг сэргээж, танилцуулснаар өв соёлоо авч үлдэх юм шиг санагдсан. Дуу маань ч амжилттай болж, олонд сайн хүрсэн.
- Тухайн үед дуугаа бүтээх хөрөнгөө хэрхэн босгосон бэ?
- Манай эгч санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан. Дууны клипийг өвлийн үеэр хийж байлаа. Ерөнхийдөө санхүүг өөрөө босгосон. Одоо урлагийн тавцанд хүч үзэхэд хөрөнгө, менежмент сайтай байхгүй бол амар хялбар гараад ирэхээр биш. Хоолой хэчнээн сайтай байгаад дэмжлэггүй бол гарч ирэхэд хүндрэлтэй.
- Хэзээнээс дуулж эхлэв, хэчнээн уран бүтээлтэй болсон бэ?
- 2006 онд СУИС төгссөн. 2012 оноос хойш дуулж байна. Гэхдээ ажлын хажуугаар уран бүтээл хийж байгаа болохоор уран бүтээл гаргах тал дээр цаг хугацаа их ордог. Энэ оны тавдугаар сарын 11-нд “Идэр жинчин” цомог маань гарсан. "Идэр жинчин" цомогт маань Дүүриймаа, Өдтэй бичиг, Янжуур тамхи, Янлинхуар, Хайлаар мөрөн, Сүнжидмаа, Идэржинчин гэх мэт 11 дуу багтсан. Цомгийг минь Нүүдэлчдийн тоглоом наадгайг орчин үеийн болгож хөгжүүлж, дэлхийд таниулж буй "NAAD" брэнд ивээн тэтгэсэн. Энэ завшааныг ашиглаад "NAAD" брэндийн хамт олонд болон намайг тусалж дэмжсэн бүх хүмүүст баярлаж талархсанаа хэлмээр байна.

- Таныг Хятадад циркийн үзүүлбэр үзүүлдэг байсан тухай сонссон. Хятадад ажиллаж амьдрахад ямар байсан бэ?
- Монголд циркийн морины жүжигчин болоод, гэрээгээр нэг найзтайгаа Тайваньд очиж циркийн үзүүлбэр үзүүлэх болсон. Тэр найз маань одоо ч Солонгост үзүүлбэрээ үзүүлсээр байгаа. Тухайн үед өдөрт хоёр удаа нэг гараандаа 20 минутаар тоглолт хийдэг байлаа. Хоёрхон хүн 20 минутын үзүүлбэр үзүүлнэ гэдэг хамаг байдаг авьяас чадвараа шавхана гэсэн үг. Хамгийн хэцүү нь өөрсдийн бэлдсэн морийг Монголоосоо авч очих боломжгүй учир Тайваньд очиж байж морио бэлдэж тоглолтод ордог байлаа. Тэнд үзвэр, уралдааны гэсэн хоёр чиглэлээр морь үржүүлдэг. Уралдаанд орохоо больсон морьдыг жүжигчин болгож тоглуулдаг юм байна лээ. Сарын дотор давчуу хугацаанд морьдоо сургах хэцүү байсан. Тайваны морьдын нэг давуу тал нь багаасаа хашаанд өссөн болохоор хашаагаа давж чаддаггүй байсан. Харин Монгол адуу бол өөрийг нь давсан хашаа л барихгүй бол хариагаад гарчихдаг. Тэгээд л хоёр морьтой, хоёр найз тоглолт үзүүлж эхэлсэндээ. Тэнд тоглолт хийгээд жил гаруй хугацааг өнгөрөөсөн. Монгол орноо сурталчилж, морин дэл дээр өссөн залуус ямар байдгийг харуулахыг хүссэн.
- Таны бусад дуучдаас ялгарах онцлог тань юу вэ?
- Уртын дуучдын хувьд өөрийнх нь манер, дуулдаг хэв маяг гэж байдаг. Түүгээрээ л ялгардаг байх. Өөрийн хоолойд зохицсон зөв дуугаа дуулж, хөгжмийн найруулгаа зохицуулан хийж чадвал аяндаа ялгараад ирнэ. Намайг хүмүүс сонсоод хүрээ маягаар дуулдаг юм байна гэдэг.
- Ардын дуунууд дундаас ямар төрлийн дууг нь түлхүү сонгож дуулж байна?
- Ардын дуунд цөөхөн хэдэн "маа" байдаг. Сүнжидмаа, Дүүриймаа гэх мэт. Одоогоор Дүүриймаа, Сүнжидмаа, Хандармаа, Гавалмаа гэсэн дөрвөн “МАА”-г дуулсан бөгөөд миний Идэр жинчин цомогт Сүнжидмаа, Дүүриймаа 2 багтсан. Одоо Алгирмаа дуун дээр ажиллаж байгаа. Морин хуурын чуулгатай хамтран дан “Маа”тай дуунуудаар цомог гаргах төлөвлөгөөтэй байна. Чухам яагаад ийнхүү онцгойлон үзэж байна вэ гэхээр эдгээр “маа”тай дуунууд нь ардын дуунууд дотроо охь, манлай гэж нэрлэгддэг. Мөн Хүрээ нийслэл байх үеийн хүрээний илэрхийлэл болсон дуунууд юм.
- Дууныхаа найруулгыг та өөрөө хийдэг үү?
- Дууныхаа найруулгыг ярилцаж байгаад л шийддэг. Заримыг нь этник хэлбэрээр, чадвал трансаар хийх бодолтой байгаа. Гэхдээ уламжлалыг алдаж болохгүй. Үндэсний хөгжимтэй нь салшгүй холбоотой хийх хэрэгтэй.
- Та тоглолт хийхээр төлөвлөж байгаа юу?
- Уран бүтээлч болгонд тоглолт хийх бодол байдаг. Миний Хувьд эхлээд өөрийгөө танилцуулах чансаатай олон уран бүтээл хийсний дараагаар тоглолтоо хийх болно.
- Таны хувьд хүндэлж явдаг, үлгэр дуурайлал авдаг уртын дуучин гэвэл?
- Дуулах талаасаа Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрээс зөвлөгөө авдаг. Миний багш, хүндэлж явдаг хүний нэг. Мөн Судалгааны талаас СГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, Хуульч Н.Чинбат нараас зөвлөгөө авдаг.
- Нэг уран бүтээл хийхэд хэр их хүч хөдөлмөр ордог вэ?
- Нэлээн ажил орно. Дуугаа, клипний зохиолоо гаргана. Дуу дүрсжиж байж олон хүнд хүрдэг. Тиймээс "Идэр жинчин" цомогт орсон дуунуудын ихэнх нь дүрстэй. Саяхан “Янжуур тамхи” дууны клип хийгдсэн. Дууг дуулахдаа ахуйтай нь танилцаад, хувцсыг нь өмсөж, дээл хувцасных нь агууламжийг мэдэж, газар орныг судалж байж дууных нь илэрхийллийг мэднэ. Ингэж судалгаа хийж байж уран бүтээлээ гаргаж хүнд хүргэнэ гэж боддог. Монголд баруун, зүүн, урд, хойд, төвийн гэсэн таван бүс нутаг байдаг. Энэ таван бүс нутгийн язгуур онцлог нь юундаа байдгийг эрэл хайгуулаар гаргаж ирнэ. Энэ нь өөр өөрсдийн гэсэн аялгууны онцлогтой. Энэ Тухай бэлтгэсэн дуу маань оны сүүлээр уран бүтээлээ бараг гаргачих байх.
- Амжилттай яваа эр хүний ард үргэлж эмэгтэй хүн байдаг. Та гэр бүлээ танилцуулж болох уу?
- Эхнэр охины хамт амьдардаг. Эхнэр бид 2 нэг байгууллагад ажилладаг. Охин маань гурван настай, цэцэрлэгт явдаг. Миний ажлыг хамгийн их дэмждэг хүн бол эхнэр минь. Эхнэр маань надаас илүү миний төлөвлөгөөг гаргадаг. "Чи энэ долоо хоног ийм ажил хийхийн байна" гээд л хуваарилдаг. Охин маань "Телевизээр аав гарч байна, Аавтай хамт гарч байгаа эгч манай ээж гээл. Ээжээ та мэнгэтэй болчхож" гээл тоглодог.

- Саяхан та ардын дууны уралдаан зарласан гэсэн. Ялагчид тодорсон уу?
- “Идэрчжинчин” цомогт орсон дууг хэн сайн дуулах вэ гээд уралдаан сонсогчдынхоо дунд зарласан. 20 гаруй хүн бичлэг ирүүлсэн. Сайн дуулсан долоон дууг сонгоод пэйж дээрээ байршуулан хүмүүсийн санал асуулгаар эхний 3 байрыг шалгаруулсан. Уралдаанд миний бодож байснаас эсрэгээрээ залуу хүмүүс оролцсон. 18-35 насны хүмүүс бичлэгээ илгээсэн байсан. Энэхүү үзүүлэлтэд би их баярласан. Залуус маань үндэсний урлагаа дэмжиж, дуулдаг болж байна гэдгийг ойлгосон. Муухай дуулдаг хүн гэж байхгүй. Ардын дууг дуулсан хүн бүр бусдыг татаж байгаа юм шиг санагддаг. Монгол ардын дуу хүнийг транст оруулж, ховсдож чаддаг байх гэж бодогддог.
“Идэр Жинчин” цомогт багтсан дуунуудыг хэн сайн дуулах вэ? уралдааны тэргүүн байр "Өдтэй бичиг" дуугаар Жанцандоржийн Бархасдорж

Б.Янжиндулам
Эх сурвалж: Breakingnews.mn
Үнэхээр бишэрмээр гайхалтай дуулсан дуу болгоныг хэд дахиг сонслоо уран бүтээлд нь улам их амжилт хүсье
Ардын дууг өөрийн гэсэн донж маяг өвөрмөцөөр маш сайхан дуулдаг дуучин. Дуунуудыг нь сонсох дуртай. Энгийн бөгөөд ухаалаг сайхан ярьдаг хүн байна аа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Олон олон дуу дуулж, ардын сайхан дуугаараа сонсогч түмнээ баярлуулж яваарай.
Үнэхээр сайхан дуулдаг дуучин юм. Олон сайхан ардын дууны бүтээл хийж ард түмэндээ хүндлэгдэж яваарай гэж хүсье. Дууг зөвхөн дуу хоолойгоороо төдийгүй ухаанаараа урлаж дуулдаг болохоор сонсох маш их дуртай. Амжилт амжилт амжилт
Сайхан мэдээлэл уншлаа.хайрлан хүндэтгэдэг дуучныхаа талаар мэдээлэл унших ч бас сайхан л байдаг юм байна