...
...

Mekh ZakhQ: Хамгийн гутамшигтай зүйл бол найз нөхдөөсөө урвах

Орчин үеийн дуу хөгжим буюу хип хоп-т өөрийн байр суурийг хэдийн ээ эзэлсэн реппер Mekh ZakhQ-г энэ удаагийн "Breakfast" ярилцлагын буландаа зочноор урьж ярилцлаа.


Анх хэдэн оноос реп хийж эхэлсэн бэ?

- Үг бичиж эхлэхдээ 2005, 2006 оноос л эхэлсэн. Анхныхаа дууг 2008 онд бичүүлж байсан.

Ямар дуу байсан бэ?

- “Цагаан солио” гэдэг дуу байлаа. Тухайн үед миний хувьд одоогоос арай өөр хочтой байсан.

Ямар?

- “Реклам” гэдэг хочтой байсан.

Яагаад ийм хочтой байсан бэ?

- Энэ бол манай Толгойтын найзуудын өгсөн хоч.

Толгойтоос төрсөн репперүүд гэвэл хамгийн түрүүнд реппер Gee санаанд орж байна. Та хоёр хэр холбоотой байсан бэ, мэдээж нэг газрын сонирхол нэгтэй хүмүүс шүү дээ...

- Намайг хип хоп-т хамгийн их дэмжсэн хүн бол реппер Gee. Миний хуурай ах байсан. Одоо өмнөх шигээ дотно байхаа больсон ч гэсэн ах дүүгийн харилцаатай байдаг.

Та хоёр юунаас болж хөндийрсөн юм бол?

- Өө тэгээд олон хүмүүсийн хэл ам барагдахгүй шүү дээ. 

Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргасан бэ?

- Хамгийн сүүлд "MAF976"  гэдэг дуу гаргасан

Өөрийн хэдэн дуутай вэ?

-Ер нь тэгээд тэд, эд гэсэн тоо байхгүй дээ. Тоолж үзээгүй юм байна.

Хэзээнээс та “Mekh ZakhQ” нэртэй  болсон бэ?

-2013 оноос хойш болсон.  Энэ нэрийг өөрөө бодож олсон. Хэн нэгнээс авсан нэр биш. Дээр үед “Дайн ба Энх” гэдэг хамтлаг байсан. Хип хопын анхдагчуудын нэг хамтлаг шүү дээ, тэдний Д.Энхтайван буюу MCIT ах миний хуурай ах байсан юм. Тэр хүний шинэ тайзны нэр нь “Хурц харан хүү” байлаа. Бичиглэл нь “Kurtz KaranQ” байсан. Ахтайгаа маш дотно байсан учраас  нэрнээс нь санаа авч “Mekh ZakhQ” болсон юм. Ах минь 2012 онд нас барсан. Ахыгаа тэнгэрт хальснаас хойш 2013 он гараад л “Mekh ZakhQ” гэдэг шинэ тайзны нэрээр явж эхэлсэн дээ. 

Нэрээ сольсноос хойш гаргасан хамгийн анхны дуу юу байсан бэ?

- “Хувийн амьдрал” гэдэг дуу хийсэн.  Түүний дараа Ичинноров, Жингүйдэл гэх мэт дуунуудаа гаргасан. Түүнээс хойш төдийлөн идэвхтэй ажиллаж чадахгүй л байна. Одооноос л хийж эхэлэх гэж байна даа.

“MAF976” Хандлагийнхаа тухай яривал?

-Манай хандлагийнхан  нэлээн олуулаа. Яг хандлагаа төлөөлж явж байгаа хүмүүс гэвэл би, Munk Tugrik, Argatan, Ja Maniacci, Chill Out NZ гэх мэт  залуус байдаг юм. 

Энэ сарын 20-нд шоу хийж байгаа харагдсан. Энэ талаар

- Тийм ээ, саяхан “Mekh ZakhQ live night” хийсэн. Тус шоунд реппер LIL THUG E,  DJ MUSBEE, Ginjin, гэх мэт хүмүүс оролцсон.  DJ MUSBEE бол манай МAF976 хандлагийн гишүүн. Манай хандлага дотроо маш олон уран бүтээлчидтэй. Хөгжим хийдэг, Dj хийдэг, үглэдэг дуулдаг гээд л янз янзийн л хүмүүсийн нэгдэл л гэсэн үг. Ямар ч байсан "Mekh ZakhQ live night" уур амьсгалын хувьд маш сайхан болж өнгөрсөн.

Өөрөө хөгжмөө хийдэг шүү дээ. Энэ талаар яривал?

-Анх 2008 онд  хөгжим хийж эхэлсэн. Тэрнээс хойш нэг жил цэрэгт яваад завсардаад 2010 оноос 2014 он хүртэл тасралтгүй хийсэн. Түүнээс хойш хааяа л хийдэг болсон. Яахав зүгээр өөр хүмүүсийн дууны ая гэх юм бол реппер Desant-ийн “Black team”, Gee ахын “48 такт”, телевиз радиогийн шторкны хөгжмийг хийдэг байсан. 

Цэрэгт явсан тухайгаа яривал, цэргийн амьдрал ямархуу байсан бэ? Цэрэгтэй холбоотой муу мэдээ их явах болсон.

- Нэг жил гоё л байсан.  Нээх тийм аймар хэцүү зүйл байгаагүй. Яг явж үзээгүй хүмүүст хэчнээн тайлбарлаад ойлгохгүй байгаа юм шиг санагдаад байдаг юм. Ямартай  ч их л дажгүй байсан.

Гэр бүлтэй юу?

- Гэр бүлтэй. Айлын том,  гурван дүүтэй.

Айлын том байх хэцүү юу?

- Яахав, айлын том байна гэдэг ер нь үүрэг хариуцлага шүү дээ. Надаас ямар нэгэн зүйл харахыг хүссэн хүмүүст  тэр зүйл нь харагдаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй. Айлын том ч бай бага ч бай “хүн болсныхоо үүрэг хариуцлагыг л мэддэг байх ёстой ” л гэж боддог юм.

Хип хопоос өөр ямар урлагт дуртай вэ?

- Би орой унтах болгондоо нэг сайхан уртын дуу сонсдог. Миний сонсох дуртай хамтлаг гэвэл “Алтан-Ураг”, “Хөсөгтөн” Уртын дуучин Н.Норовбанзад, н.Цэвээндорж орчин үеэс гэвэл The Lemons, А-Sound, өөрөөсөө бусад репперүүд гэх юм бол Ginjin, Lil Thuge, Rokit bay.

Хөгжим тоглодог уу?

- Хөгжим тоглож чадахгүй. Ямар ч хөгжим... Хэл хуур л татаж чадна. Үндэснийхээ хуурыг маш их хүндэлдэг, сонсох дуртай. Ёстой болохоороо биш дуртай болохоороо гэдэг шиг л.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

- Чөлөөт цагаараа найзуудтайгаа уулзах, ном унших гээд л... Ер нь чөлөөт цагаар ч ажил явагдаж байдаг юм.

Ном хэр уншдаг вэ?

- Яахав дээ, уншдаг хүний хажууд уншдаггүй, уншдаггүй хүний хажууд уншдаг гэх үү дээ.

Ямар төрлийн номонд дуртай вэ?

- Ер нь янз бүр. Ихэвчлэн хувь хүний хөгжил болон романууд унших дуртай.

Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

- Хамгийн сүүлд Достоевский “Солиот” гэдэг роман уншиж байна даа.

Спортоор хичээллэдэг үү?

- Боксоор хичээллэж байгаа. Өөрөө гүйх дуртай. Сүүлийн үед ажил ихтэй байгаа болохоор амжихгүй л байна. Гэхдээ ер нь спортыг ажил болгож хичээллэх бодолтой байгаа.

Ямар үе таны хамгийн сайхан үе вэ?

- Хүүхэд байх л хамгийн сайхан байж дээ.

Өвөө эмээгийн хүүхэд үү?

- Тийм ээ.

Найз охинтой юу?
- Байхгүй ээ.

Уран бүтээл гаргахад хүндрэлтэй тал юу байдаг вэ?

- Нэг л хүндрэлтэй юм байдаг шүү дээ. Нийт масс руу чиглэж дуу хийдэггүй. Ганц би ч гэлтгүй өөр зөндөө олон хүмүүс байгаа. Ер нь нийгмийн дийлэнх хувь нь сэтгэхүй, мэдрэмж тал дээр тааруухан байдаг гэж би боддог. Тийм ч учраас шал дэмий зүйл хийж олон нийтэд таалагддаг ч юм уу... Жишээлбэл, “Орцонд хоёулаа шаалцийлдаа” гэдэг юмыг арван жилийн хүүхдүүд утсаараа сонсчихсон явж байгаа юм. Тэд нар хошин талаас нь хийсэн байж болох ч нийгэмд буруу өнцөгөөр гарч ирээд байгаа юм шиг санагддаг.

Дуу хийх сэдвээ хэзээ хаана яаж олдог вэ?

- Янз бүр шүү дээ. Заримдаа хөг аялгуу орж ирнэ, заримдаа үг орж ирнэ, заримдаа юм бодож байгаад бодлоо хөөж бодоод л сэдвээ олох үе байна. Орж ирсэн бодлуудаасаа гадна юу байвал зүгээр вэ гэдэг талаасаа бодно. Дуу бол янз бүр бүтнэ шүү дээ.

Реппер хүн ихэвчлэн 16 тактаар  дуугаа хийдэг юм шиг санагддаг?

- Янз бүр. Миний “Дураараа” гэдэг дууны хувьд нэг бадагт нь 32 такт байх жишээтэй. Ер нь бол хүмүүсийн стандарт болчихсон юм нь яг 16 такт буюу мөр байдаг. Дуу ихэвчлэн 3 бадаг байдаг бол сүүлийн үед ихэвчлэн 2 бадагтай болсон. Тэгээд дахилт гэх мэт. Миний хувьд дахилт бадаг гэдэг юмыг арай өөрөөр хийхийг хичээдэг байсан. “Жингүйдэл” бол дахилт нь найман такт яваад араас нь ахиад найман такт өөр зүйл явдаг байсан. Ерөөсөө гурван бадаг 16 гэсэн зүйл байхгүй. Хоёр л бадагтай, хоёр бадаг нь найм найман мөртэй.

Таны бусдаас ялгарах онцлог гэвэл?

- Миний хувьд Монголд анхдагч болсон гэх ч юм уу нэг л зүйл байдаг. Нэг л гэж болохгүй л дээ. “Монгол микс тэп” гэдэг цомог 2011 онд гаргаж байсан. Микс тэп гэдэг нь урд өмнө нь ашиглаж байсан, хит болчихсон дууны аян дээр дуу хийх буюу албан ёсны дуу биш л гэсэн үг.

Одоо үеийн залуучууд чиний нүдээр ямар харагддаг вэ?

- Би сайн мэдэхгүй шүү дээ. Ихэнх хүмүүсийн үзэл бодол оновчтой биш байдаг. Нийгэмд юм хийе гээд явж байгаа залуус зөндөө байгаа. Тэд нар дундаас хий хоосон амбиц хөөдөг нь ч байна, яг жинхэнэ хөдөлмөрлөдөг нь ч байна. Хөдөлмөрлөснөө ярьдаг ч хүн байна, ярьдаггүй ч хүн байна. Тэд нарыг хүмүүс мэддэг нь ч байна, мэдэхгүй нь ч байна. Надад ч гэсэн одоо мэдэхгүй зөндөө залуус байгаа. Би тэднийг мэдэхгүй ч юм уу... Ер нь янз бүр. Яг ч сайн гэж хэлж болохгүй

Таны хувьд хамгийн гутамшигтай зүйл юу вэ?

- Хамгийн муухай зүйл бол найз нөхдөөсөө урвах.

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

- За баярлалаа. Танай хамт олонд ч мөн уран бүтээлийн амжилт хүсэе...

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ