2017.06.07-ны өдрийн Дээд шүүхийн хуралдаанаар намын даргаар Бадрахын Найдалааг бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авч, шийдвэрлэсэн болно. Энэ шийдвэрт үндэслэн ХҮН-ын удирдлагын зүгээс гишүүд дэмжигчиддээ зориулан дараах мэдээллийг хүргэж байна.
ХҮН нам Монгол Улсын өнөөдрийн нийгэм эдийн засгийн хямрал, мухардлын асуудлыг шийдэхийн тулд, улсын хөгжлийг манлайлан бүтээхийн тулд нийгмийн захиалга болон олон нийт, иргэдийн хүсэл тэмүүллийн илэрхийлэл болон гарч ирсэн цоо шинэ улс төрийн хүчин, улс төрийн нам. Улс орны хөгжлийн тухай ярихын тулд нам үзэл санаатай, хөгжлийн тов тодорхой хөтөлбөртэй, дарга гишүүд нь өөрсдөө хууль дүрмээ сахидаг, зарчмаа баримталдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдрийн намуудаас өөр байх ёстой.
ХҮН нам бол бид хэдийн биш олны итгэл, хүсэл тэмүүлэл, дэмжлэгээр бүтсэн нам. Бидний улс төрийн туршлага дутаж, намыг албан тушаалд хүрэх гишгүүр, богино хугацааны ашиг хонжоо олох боломж гэж харсан, зарчим, ёс зүйгүй зарим хүмүүсээс хамгаалж, сэргийлж чадалгүй, дотоод хямралд хүргэн, олны итгэл найдварыг алдсанаа бид гүнээ ухамсарлаж, нийт Монголчууд, олон нийт, дэмжигчдээсээ ХҮН нам албан ёсоор уучлал хүсэж байна.
Бид цаашид нийт Монголчуудын хүсэн хүлээж байгаа хөгжлийг бүтээх мэдлэг, зарчим, зөв боловсон хүчнийг бэлддэг үзэл санааны нэгдэл, бодлогын нам байж, дэмжигч олны итгэлийг алдахгүй тууштай хичээн ажиллах болно.
-Танай нам дахин дарга цэрэг гэж бужигнахгүй, дотоод асуудал нэг мөр шийдэгдсэн гэж ойлгож болох уу?
-ЕНБД. Д.Гантулга: 2016 оны 2-р сараас хойш Найдалаа даргыг Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг нийт 3 удаа өгсөн. Дээд шүүхийн 2016.3.18 болон 2016.4.15-ны өдрийн хуралдаанаар тус нам нь дотоод зөрчилтэй байгаа тул намын даргыг бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Намын дотоод зөрчил арилсан тул 2017.06.07-ны өдрийн Дээд шүүхийн хуралдаанаар намын даргаар Бадрахын Найдалааг бүртгүүлэх хүсэлтийг хангасан болно. ХҮН намын дотоод зөрчил гэдэг нь үндсэндээ тухайн үеийн ХҮН намын гишүүн байсан Ганбаатар болон намыг шинэчлэн зохион байгуулсан намын удирдлагын хооронд гарсан. Өнөөдөрийн хувьд Ганбаатар ХҮН-аас гарч МАХН-ын гишүүн болсон тул зөрчил арилсан. Товчоор хэлбэл ХҮН нам Ганбаатаргүй болсон тул ХҮН нам дээр болсон үймээн эцэс болсон гэж ойлгож болно.
-Та бүхэн ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна?
Намын Дарга Б.Найдалаа: 2016 оны 2-р сарын байдлаар манай нам нийт 20 гаруй мянган гишүүнтэй байсан. Үүнээс хойш нилээн гишүүдийн хөдөлгөөн гарсныг бид бүгд мэдэж байгаа.
ХҮН нам дотоод асуудлаасаа болж 2016 оны сонгуульд намаараа орж чадаагүй ч, олон гишүүд бие даан нэр дэвшиж чамлахааргүй амжилттай оролцсон. Түүнээс хойш зарим гишүүд өөр намд орсон, идэвх нь суларсан, намаас гарсан, шинээр нэмэгдсэн гээд гишүүдийн хөдөлгөөн их гарсан байгаа тул гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг явуулж, намын дотоод бүтцийг бэхжүүлэх болно.
Тухайлбал, ХҮН нам 2016 оны УИХ-ын сонгуульд намаараа оролцож чадаагүй, мөн тухайн үеийн намын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар МАХН-ын гишүүн болж одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа зэргийг дурдаж болно. Цаашлаад намын стратеги, хэтийн төлөвийг эргэж харах, хэлэлцэх, нягтлах шаардлагатай байгаа. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр ажиллаж байна.
Улс оронд тулгарч буй асуудлуудад мэргэжлийн дүгнэлт, гаргалгаа, шийдэл санал болгож, аль нэг улс төрийн хүчнээс хамааралгүй, зөвийг нь дэмжиж, бурууг нь залруулж, байр сууриа идэвхтэй илэрхийлж ажиллах болно.
-Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд танай нам ямар байр суурьтай, хэнийг нь дэмжиж байна вэ?
-Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд сонголт хийхэд хүндрэлтэй байгаа нь үнэн. Монголчууд сонголтгүй байна. Нэр дэвшигчид бодлого, хийх ажил, асуудлын шийдлээр биш хов жив, жижиг, хувийн асуудлаар өрсөлдөж сонгогчдыг залхааж байгаа нь харамсалтай. Гэхдээ, энэ бол Монгол Улс ерөнхийлөгчөө сонгох гэж буй онцгой чухал үйл явдал. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу, УИХ-д суудалтай 3 намын гишүүдээсээ шигшиж шигшиж шилдгүүдээ гаргаж, иргэдэд санал болгож буй сонголт нь одоогийн нэр дэвшигчид. Монголчууд хэн нэгнийг нь заавал сонгох ёстой, өөр замгүй, иймд иргэд сонгогчид хойш суулгүй саналаа заавал өгөөрэй гэж уриалж байна. Монгол Улс энэ сонгуулийг явуулахын тулд төсвөөс багагүй хөрөнгө болох 14.9 тэрбум төгрөг зарцуулж байна.
ХҮН намын хувьд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулж, дүн шинжилгээ хийж байгаа, дүгнэлт бэлэн болохоор албан ёсоор байр сууриа илэрхийлэх болно.
-ХҮН намын Ө.Мөнхбатаас асуух асуулт байна. Та жиргээгээр С.Ганбаатар нэр дэвшигчийг буруушааж мэдэгдэл хийж байсан. Нэр дэвшигч С.Ганбаатар нь МАХН-аас ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагийн хувьд таны байр суурь ямар байгаа вэ?
-Ө.Мөнхбат: Энэ бол миний хувь хүний байр суурь шүү. С.Ганбаатар гэдэг хүнд итгэл хүлээлгэж намын даргаараа сонгож байхад эргээд намын олон мянган гишүүд дэмжигчдийн итгэлийг хөсөр хаяж намын дотоод тэмцлийг бий болгож, аль нэг талд нь орж урваж шарваж, эцэс сүүлдээ намаа 2016 оны УИХ-ийн сонгуульд оруулахгүй болгосон гол хүмүүсийн нэг. Мөн намаасаа гарч одоо “Эв Эе” билүү эвслээс УИХ-д дэвшсэн, одоо МАХН-д элсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгааг хараад ямар туйлбаргүй хүн бэ гэсэн бодол төрж байна. Тийм болохоор ХҮН намын олон мянган гишүүд, дэмжигчдийн өмнө мөн бидэн итгэл хүлээлгэн харж байсан олон түмнээсээ уучлалт гуйх ёстой гэж бодож байна.
Х.Тэргэл
Шудраг хүнээс айдаг Хулгайч гэмт хэрэгтэн дарга нь болсон тоглоомын нам Ичэхгүй энэ хулгайч гарыг хараачээ үхээрүүд
ХҮН нам гэж нам байхгүй МАНАН гийн гар хөл болсон хулгайч будааны лаларуудын тоглоомын нам гэдэг нь мэдэгдсэн