...
...

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Малын удам угшил, малын эрүүл мэндийг сайжруулахад гол анхаарлаа хандуулна.

 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Хөвсгөл аймагт ажиллалаа. Тодруулбал Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашдын  зорилго зорилт, тулгамдаж байгаа асуудал болон  санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтын эхэнд Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын дарга Г.Баттулга ХХАА-н газрын үйл ажиллаагаа, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгөв.

Тэрээр “Манай аймаг сүүлийн жилүүдэд тогтмол мал сүргээ  өсгөж түүхэндээ анх удаа 5 сая толгой мал тоолуулсан. Энэ нь  2016 онд Хөвсгөл аймгийн нийт мал сүрэг  15.7 хувиар өссөн гэсэн үг юм.  Малын чанарыг сайжруулах жилийн ажлын хүрээнд 278 мянган толгой малд үзлэг ангилалд хянан баталгаажуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байна. Арьс ширний урамшуулалд хамрагдсанаар 2016 онд бог, бод нийлсэн 492406 ширхэг арьс үндэсний үйлдвэрт тушааж 2 тэрбум төгрөгийн урамшуулал малчин, мал бүхий иргэдэд олгогдсон. Энэ нь  өмнөх оноос 4.1 хувиар илүү арьс ширийг үндэсний үйлдвэрт тушааж Засгийн газрын  үндэсний үйлдвэрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна. Аймгийн хэмжээнд 60 гаруй аж ахуйн нэгж,  иргэн “29000 га эргэлтийн талбай”-д газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. 2017 онд үр тариа 15892 га, төмс 254 га, хүнсний ногоо 127 га-д тус тус тариалсан. Монгол Улсын Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Атрын III аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх” төлөвлөгөөний хүрээнд төмс хүнсний ногоо тариалагчдад үрийн шинэчлэлт хийх зорилгоор “Гала” сортын 2 тонн элит үрийг нийлүүллээ. Хоёр суманд 1700 литр шатахууныг  50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоод байна.  Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо 69 тн,  ургамал хамгаалын бодис 8240 литр, шатахуун 133490 литр, үр 75 тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгосон” гэдгийг онцлон хэлэв.      

Үүний дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

Тэрээр “Салбарын яамны  сайдын хувьд Монгол Улсынхаа бүх аймгуудаар явж газар дээр нь танилцаж удирдлага, мэргэжилтнүүд сумдын мал эмнэлгийн тасгийн хүмүүстэй  уулзаж санаа бодлыг сонсох нь чухал юм. Аймгуудын ХХАА-н газруудын үйл ажиллагаатай газруудад ажилласнаар энэ салбарын мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол ямар түвшинд байгаа,  ажилдаа хэр хариуцлагатай хандаж байгааг бодитоор харж танилцаж байна. Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын хувьд  хийж хэрэгжүүлж буй ажил нь салбарын яамны бодлого, зорилт, хөтөлбөртэй  уялдаж байгаа нь сайн байна. Хүнс хөдөө  аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын  ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Улсын  их хуралд өргөн барьж хэлэлцүүлж байгаа  “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль” батлагдсанаар бүтэц орон тоон дээр  өөрчлөлт орно. Энэ 4 жилд малын удам угшил, малын эрүүл мэндийг сайжруулах тал дээр гол анхаарлаа хандуулна” гэдгийг онцлон хэлэв. 

Мөн “2016-2020 онд Засгийн газраас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн" гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд "Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр", "Үйлдвэржилт 21:100”, ”Мах сүүний анхдугаар аян”,  “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх зэрэг том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Эдгээр хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнээр үндсэн гол зорилгодоо хүрэх юм” гэв.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ