...
...

1000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА.

 

 

            ЗХЖШ-ын АТГ-ын даргын орлогч, Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа З.БАЯНМӨНХ 

Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын чиглэлээр ямар ажлууд өрнөж байгаа талаар тодруулна уу?

     -Батлан хамгаалах салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын нийгмийн хамгаалалын чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд энэ чиглэлээр тодорхой ажлууд тусгагдсан.

     Тодруулбал, цэргийн алба хаагчийн цалин хөлс, байр орон сууц, хангамж, нийгмийн халамж үйлчилгээг нэмэгдүүлэх, цэргийн анги, байгууллага бүрийг хүний хөгжлийн орчин байх нөхцлийг бүрдүүлж, цэргийн хүрээ, хотхоны стандартыг шинэчилж, тохижилтыг сайжруулах зэргийг дурдаж болно. Мөн цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудлыг ч орхигдуулаагүй. Тухайлбал, цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлд үзүүлэх эмнэлгийн үзлэг, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлж, хөдөлгөөнт оношлогоо, тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх, Цэргийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, тусгай салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх ажлуудыг ч төлөвлөгөөний дагуу хийж байна.

     Цэргийн алба хаагчдын тулгамдсан гол асуудлын нэг яах аргагүй байр орон сууцны асуудал байдаг шүү дээ. Энэ чиглэлээр ямар бодлого барьж байгаа вэ?

     -Сүүлийн гурван жилд Зэвсэгт хүчинд алба хааж байгаа бие бүрэлдэхүүнийг албан тушаалын орон сууцаар хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж 497 алба хаагчийг тохилог орон сууцанд хамруулсан. 2017-2020 онд 1000 айлын орон сууцыг шинээр барих, ипотекийн зээлд 300 гаруй алба хаагчийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

     Тухайлбал, 2017 онд Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 331, 350 дугаар ангиудад тус бүр албан тушаалын 40 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулахаар гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна.  

      Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн нийт 9,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн спорт заал, 32 автомашины дулаан гараж, Говийн бүсийн сургалтын төвийн барилга байгууламж, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн соёл, спортын төв, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн барилга байгууламж, Зэвсэгт хүчний 017, 338, 339 дүгээр ангиудын цэргийн байрны барилга угсралт, Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн штабын барилгын их засварын ажлуудыг эхлүүлсэн.

      Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хувийн эзэмшлийн орон сууцтай болох нөхцөл, баталгааг хангах ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам батлагдан гарсан.

      Энэ журамд юу гэж заагдсан вэ? Орон сууцны ипотекийн зээлд хамрагдахыг хүссэн цэргийн болон энгийн ажилтан албан хаагчид ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх тухай мэдээлэл өгвөл...?

      -Энэ журмын дагуу орон сууцны ипотекийн зээл авах хүсэлт гаргаж байгаа офицер, ахлагч, ажилтан албан хаагчид нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний анги, байгуулгуудад тодорхой албан тушаал эрхэлдэг, орон сууцны үнийн 10-аас доошгүй хувийг арилжааны банкны харилцах дансанд байршуулж, төлсөн, Засгийн газрын “Орон сууц ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын зээлийн шалгуурыг бүрэн хангасан, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчинд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, арилжааны банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, орон сууцны зээл авах, ипотекийн ззэлд хамрагдах боломжтой эсэх талаар холбогдох банкаар судалгааг гаргуулж, тодорхойлолт авсан байх шаардлагуудыг биелүүлсэн байх ёстой.

Тэгвэл зээлд хамрагдах барилга, орон сууцны шалгуур үзүүлэлтүүд юу байх вэ?

     -Ашиглалтад бүрэн орсон, улсын комисс хүлээн авсан, холбогдох бичиг баримт бүрдсэн байх, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын зээлийн шалгуурыг хангасан, банкны зээлд хамрагдах санал болон зээлийн төвийн зөвшөөрөл ирсэн, хувьчлах, хөнгөлөлттэй үнээр шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарч, байгууллагын эзэмшлээс шилжсэн орон сууц байна.

Зээлд хамрагдахыг хүсэгчдэд тодорхой дэмжлэг үзүүлэх үү?

     -Орон сууцны ипотекийн зээлд хамрагдах офицер, ахлагч, ажилтан алба хаагчдад орон сууцны 1м2 талбайн үнийн дээд хязгаарыг 1,3 сая төгрөг, орон сууцны талбайн хэмжээ 50м2 байхаар тооцож, журмын шаардлага хангасан алба хаагчдад 6,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. 

      2016 онд 92 алба хаагч орон сууцны урьдчилгаа мөнгөн дэмжлэгт хамрагдсан бол энэ онд хүсэлт ирүүлсэн 89 алба хаагчийн өргөдлийг БХЯ-ны ТЗУГ-т хүргүүлээд байна.

300 айлын орон сууцыг төвийн халаалттай холбох асуудал ямар шатандаа байна вэ?

     -Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах салбарын алба хаагчдын албан тушаалын 300 айлын орон сууцны барилгыг 2015 оны IV улиралд ашиглалтад оруулан өнөөдрийг хүртэл нам даралтын зуухаар галлаж байна. Эдгээр байруудыг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбох талаар Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус хүсэлт гаргаж техникийн нөхцлийг гаргуулсан.

     Мөн Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 300 айлын орон сууцыг төвийн дулаанд холбох хөрөнгийн асуудлыг шийлвэрлүүлсэн.

Энгийн ажилчин, алба хаагчдын нийгмийн асуудал орхигдох тал бий. Энэ тухайд?

     Зэвсэгт хүчний хэмжээнд ажиллаж байгаа энгийн ажилтан албан хаагчдын 13,7 хувь нь ангийн мэдлийн орон сууцанд, 17,4 хувь нь хувийн орон сууцанд, 55,7 хувь нь хувийн хашаа байшинд, 8 хувь нь хөлсний байранд, 5,3 хувь нь айлтай хамт амьдардаг судалгаа бий. Цаашид тогтвор суурьшилтай ажиллах энгийн алба хаагчдыг албан тушаалын болон ипотекийн зээлийн орон сууцанд хамруулах бодлого барин ажиллаж байна.  

Ярилцлагынхаа төгсгөлд хувцас хэрэглэлийн хангалтын талаар тодруулъя?

     -2011 онд шинэ загварын хувцас хэрэглэлд шилжсэнээс хойш Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарыг ёслол, албаны болон хээрийн хувцсаар бүрэн хангасан. Түүнчлэн 2017 онд батлагдсан төсвийн хүрээнд Зэвсэгт хүчний хэмжээнд шинээр татагдсан гэрээт болон хугацаат ЦАХ-чид, ҮБХИС-ийг төгсөгчид, мөн хувцас хэрэглэлийн хугацаа дууссан офицер, ахлагч нарт хангалт хийж байгаа. Цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэлийн чанарыг сайжруулах зорилгоор даавуунд стандарт тогтоож, худалдан авах, үйлдвэрлэх явцад чанарын хяналтыг тогтмол хийдэг.

     Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 81 дүгээр зарлигаар цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан уг зарлигт тусгагдсан заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ