Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргаж яваа олон авьяаслаг хүмүүс бий. Монгол оюун ухаан, соёл урлаг дэлхийд гарч үнэлэгдэх болсон. Энэ гайхамшигтай сайхан үр дүнг бусдын адил бүтээлцэхийн тулд өөрийн сонгосон мэргэжилдээ үнэнч байж амжилтанд хүрч яваа их хуурч, морин хуурч Пүрэвдоржийн Наранбаатар гэх эрхэм хүнтэй алс холын Герман улсаас цахим ертөнцөөр холбогдон ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэж байна.
Тэрбээр Монгол Улсын ардын урлагийг баруун европын олон оронд 2009 оноос хойш сурталчлан тоглолт хийсэн ба нэг Иран, гурван Монгол хүний бүрэлдэхүүнтэй “Sedaa” хамтлагийн гишүүн юм. Тэд нэг жилд ойролцоогоор 90-100 тоглолт хийдэг ажээ.
- Танай хамтлагийн хувьд нэг жилд 90-100 тоглолт хийдэг гэж байна. Энэ бол өндөр тоо шүү дээ. Маш олон тоглолтыг амжилттай болгохын тулд хэр их бэлтгэл хийдэг талаар яриагаа эхлүүлье.
- Хөгжимчин хүн өдөр бүр бэлтгэл сургуулилт хийж байх хэрэгтэй. Бид хамтлагаараа бэлтгэл хийгээгүй багагүй хугацаа өнгөрсөн байна. Яагаад гэвэл жилд 100 тоглолт хийнэ гэдэг бол асар их. Үүний тулд бид ойролцоогоор 180-200 хоног хамт явж байдаг гэсэн үг. Ерөнхийдөө бол тоглолтын бэлтгэлийг нэг өдөрт 1-3 цаг хийдэг. Харин цомгийн бичлэгт орохоор болбол бэлтгэлээ идэвхжүүлдэг. 7-10 хоног бэлтгэлээ хийж байгаад бичлэгтээ ордог.
- Хамтлагийнхаа талаар дэлгэрэнгүй яривал?
- Манай “Sedaa” хамтлаг нь 2009 онд байгуулагдсан. Гурван Монгол нэг Иран хөгжимчинтэй. Тухайлбал, Насанжаргал гэдэг залуу бишгүүр хөгжим болон морин хуур тоглодог. Бид хоёр хөгжим бүжгийн коллежид хамтдаа суралцаж байсан. Мөн Ганзориг гэдэг залуу маань Австрийн Вень улсад амьдардаг, ёочин хөгжим тоглодог. Манай Иран залуу бөмбөр болон гитар тоглодог. Түүнийг Омид Баходори гэдэг. Миний хувьд их хуур хөгжмийг тоглодог мөн хөөмийлдөг. Үүнээс гадна зарим үед голчлон морин хуураа тоглодог.
- Яагаад хамтлагийн нэрээ “Sedaa” хэмээн нэрлэсэн юм бэ?
- Сееда гэдэг нь Перс хэлээр "дуу хоолой" гэсэн утгатай юм. Бид Монголын уламжлалт хөгжмийн аялгууг орчин үеийн чиг хандлагатай холбож гайхалтай дуу чимээг үүсгэн уран бүтээлээ хийхийг зорьдог. Манай хамтлаг зөвхөн Монгол ардын хөгжмөө тоглодоггүй. Бид Дэлхийн хөгжмийн чиглэлээр тоглодог. Бид Монгол, Иран гэх мэт өөр олон орны хөгжим тоглодог. Ямар ч стиль жанарт баригдалгүй шинэ уран бүтээлүүдийг хийхийг зорьдог юм. Хамтлаг маань 2009 оноос хойш нийт гурван цомгийн ажил хийсэн. Мөн өнгөрсөн жилүүдэд баруун европын орнуудаар аялан тоглолт хийж, нэг жилд ойролцоогоор 90-100 тоглолт хийсэн байна.

- Иран залуутай нэг хамтлаг болох болсон тухайгаа яривал?
- Омид Баходоравтай 2005 онд хөгжмийн наадмын үеэр танилцаж сайн танилууд болцгоон үргэлж холбоотой байлаа. Тухайн үед би өөр хүмүүстэй хамтран тоглодог байсан. Түүнээс хойш янз бүрийн хөгжмийн бичлэг, дуун дээр хамтран ажиллаж эхэлсэн. Хамтдаа уран бүтээл хийх нь бидэнд таалагдаж байсан учраас 2008 онд тал талаасаа саналаа нийлүүлээд нэг хамтлаг болж байсан түүхтэй.
- Гурван цомог гаргасан гэж байна. Энэхүү цомгууд нь хоорондоо ямар ялгаатай вэ?
- Манай анхны “Mongolian meets oreintal” /2009/ CD нь 13 дуутай. Эхний цомог нь Монгол хөгжмийг оренталтай холбож болох уу үгүй юу гэдэг дээр судалгаа хийж гаргасан уран бүтээлүүдийн цоморлог гэж хэлж болох юм.
Хоёр дахь нь “Letter from Mongolia”/2011/ хэмээх нэртэй. Монгол ардын хөгжмөөр бүтсэн. Нэмэлт хөгжимгүйгээр зөвхөн дөрвөн хөгжмөөрөө тоглож бүтээсэн.
Гурав дахь нь бид өөр хэв маяг руу шилжих гэж оролдож “New ways” /2013/ хэмээх нэрийг өгч бүтээсэн. Үүн дээр үндсэн дөрвөн хөгжмөөсөө гадна нэмэлт хөгжмүүдийг оруулж өгсөн юм. Одоо бид бүхэн дөрөв дэхь цомгийн ажилдаа орсон байна. Энэ удаа Монгол хэв маяг, аялгууг шингээн бүтээх гэсэн зорилгоор хөдөлмөрлөж байна даа.
- Та хамтлагийнхаа ахлагч уу?
- Манай хамтлагт ахлагч гэж байхгүй. Бид дөрвүүлээ тодорхой хэмжээний өөр өөрсдийн хариуцсан ажилтай байдаг. Жишээ нь би гэрээ хийдэг бол нэг нь машин тэргээ зохицуулах, байнгын цахим шуудангаа шалгах гэх мэт. Хүн нэг бүр өөр өөрийн гэсэн ажил үүрэгтэй байдаг. Тийм учраас манайд ахлагч гэж хэн нэгнийгээ тодотгосон зүйл байдаггүй юм.
- Таны хувьд анх хэдэн настайгаасаа хөгжим тоглож сурсан бэ?
- 12 настайдаа Ховд аймгаас шилжин Улаанбаатар хотод очиж “Хөгжим бүжгийн коллеж”-д элсэн Контрабасс болон их хуур хөгжмийн ангид элсэн орж хичээллэж эхэлсэн.

- Яагаад хөгжимчин болохоор шийдсэн юм бэ?
- Ер нь бол санамсаргүй явдал байлаа. Зүгээр явж байгаад шалгалт өгөөд л тэнцчихсэн юм. Тэгээд л соёл урлаг, хөгжимтэй холбогдон сургуулиа төгсөх жилдээ баруун европын орнуудаар аялан тоглолт хийх эрх авч эх орноосоо гарч байлаа. Монголд байхдаа 1998-2000 оны хооронд Морин хуурын чуулгад ажиллаж байсан. Түүнээс хойш ХБНГУ-д суурьшин өөр олон орон руу аялан тоглолтоо хийж эхэлсэн.
- Хэзээ Монголдоо ирэх вэ?
- Мэдээж хэзээ нэгэн цагт Монголдоо очиж амьдарна. Одоогоор үр хүүхэд маань энд сургуульд орчихсон болохоор боломжгүй байна. Гэхдээ жил бүр л очдог. Зун амрах гэж эх орон, элгэн саднаа зорьдог. Өнгөрсөн жил хамтлагтайгаа Монголдоо очиж “Тэнгэрт тамгатай Монгол” хэмээх сайхан тоглолтод оролцсон.
- Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Одоогоор би мастерын зэргээ горилохоор эрдэм шинжилгээний ажилдаа орж, суралцаж эхэлсэн байгаа. Энэ ажлынхаа ард амжилттай гарах зорилготой байна.
- Та бол хөгжимчин хүн. Өөрийн уран бүтээлийг хөгжмөөр дамжуулан хүргэх тэр мэдрэмж сайхан биз?
- Хөгжим тоглож байх үеийн мэдрэмж үгээр хэлшгүй сайхан байдаг. Бид уран бүтээлээ хүргээд үзэгч сонсогчид хүлээн авч байгаа тухайн үеийн мэдрэмж, цаг үе хамгийн сайхан санагддаг.
Хөгжмийг та юутай зүйрлэж чадах вэ?
- Агаар ус байхгүй бол хүн төрөлхтөн амьдрахад хэцүү шүү дээ. Яг үүнтэй адил хөгжимгүйгээр энэ хорвоо хэтэрхий гунигтай.
- Танайхтай ижил төстэй хөгжмийн хамтлаг цөөнгүй байдаг шүү дээ. Тэдний талаарх таны бодол?
- Мэдээж манай улсын төлөөлөл болсон Хөсөгтөн, Алтан ураг гэх мэт олон мундаг хамтлагууд бий. Би яг тэдэнтэй л ижил мөр зэрэгцэн хөгжмийн урлагт суралцаж хүчин зүтгэж байгаа хүн. Тэдний талаар би их өндөр сэтгэгдэлтэй байдаг. Сүүлийн 20-иод жил Монгол ардын урлаг хөгжил дэвшилд хүрэх гэж оролдож байна. Үүнээс хүний сэтгэлд хүрсэн ч байгаа, хүрээгүй ч байгаа. Гэхдээ л энэ бүгдийг ойлгох хэрэгтэй.
Бид шинэ зүйл гаргаж ирэхийн төлөө ардын урлагаа үгүй хийж болохгүй. Тийм болохоор энэ тал дээр анхаарах хэрэгтэй, шинэ үедээ үндэс суурьтайгаар өвлүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй. Хүн уран бүтээлээ хийж нэр хүндэд хүрээд зогсож болохгүй. Урлагийн хүн үргэлж сэтгэж, мэдэрч, хөдөлмөрлөж байх хэрэгтэй. Заримдаа надад нэг төвшинд хүрээд зогсчих гээд байгаа юмуу даа гэсэн бодол төрдөг. Ердөөсөө л тэгж болохгүй. Жишээ нь: том хамтлагууд жилдээ нэг цомог гаргах төлөвлөгөөтэй ажилладаг. Ингэж хөдөлмөрлөж байж ахиц дэвшилт гарна шүү дээ. Тэгж байж уран бүтээлч гэдэг нэрний утга учир гарна гэж боддог.

-Ардын урлагт ямар асуудал тулгамдаад байна гэж хардаг вэ?
-Ямар нэгэн улс оронг хэл болон соёл урлагаар тодорхойлдог гэдэг шүү дээ. Өөрсдийн улс орны үндэсний урлагийг олон нийтэд таниулах тусам биднийг ойлгодог хүлээж авдаг улс орон нэмэгдэнэ. Сүүлийн жилүүдэд манай улс ямар нэгэн үйл ажиллагаанд ардын урлагийг нүүр царай болгон гаргаж ирдэг хэрнээ дэмжлэг, туслалцаа их дутмаг байгаа юм шиг л санагдаад байдаг юм. Энэ нь л хамгийн том тулгамдаад байгаа асуудал болов уу...
- Түүнээс гарах арга замыг юу гэж бодож байна?
- Хамгийн гол нь төр засгаас тодорхой хэмжээний арга хэмжээг авч залуу чадварлаг уран бүтээлчдийг дэмжиж дэлхий дахинд нэгэн санаагаар өөрсдийн урлагийг сурталчилж, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулбал үр дүнтэй гэж боддог доо.
-Манай улсын ардын дуу хөгжмийг дэлхийн хүмүүс хэрхэн хүлээн авдаг вэ?
- Монгол ардын дуу хөгжмийг маш сайн хүлээж авдаг. Хөгжим эгшиглэх үед олон нийт яг л нүдэндээ харж байгаа юм шиг мэдэрч байна гэж ярьдаг. Их сайхан хүлээж авдаг шүү. Манай урлаг өөрөө хүн сонсоход төвөгтэй хэцүү зүйл байдаггүй шүү дээ. Маш энгийн хэрнээ хүний сэтгэл зүрхэнд хүрч чаддаг юм шиг санагддаг.
- Хүний нутагт тоглох, өөрийн нутагтаа хөгжмөө тоглох хоёр юугаараа ялгаатай вэ?
-Өөрийн нутагтаа тоглоход мэдээж бид нэг хэлтэй, нэг соёлтой хүмүүс учраас бидний тоглож байгаа хөгжим зовлонгүйгээр хүрдэг. Ялгаа нь гэвэл гадаад хүмүүст өөрсдийн урлагаа ойлгуулж, танилцуулна гэдэг бол маш том чадвар шаардана. Эх орноо төлөөлж дэлхийн олон оронд ардын урлагаа сурталчлах гэдэг бол тийм ч амар ажил биш байдаг.
- Таны хөгжмөөс олж авсан хамгийн чухал зүйл нь юу вэ?
-Хөгжим гэдэг бол мэдээж хүнээс маш их мэдрэмж шаарддаг зүйл. Тийм учраас хөгжмөөс би ямарваа нэгэн зүйлийн сайн мууг мэдэрч сурсан гэж боддог. Хөгжимчин хүн үргэлж энэ яруу сайхан урлагийн нэг хэсэг болж яваа учраас ургуулан бодох чадвар бас их хөгждөг юм шиг санагддаг.
- Урлагийн хүний онгод гэж их ярьдаг шүү дээ. Та энэ талаар яривал?
- Урлагийн хүн болгонд онгод гэж байдаг байх. Би энэ ойлголтыг яг “Онгод” гэдгээр нь хүлээж авдаггүй. Яахав уран бүтээл хийдэг хүнд гэнэт шинэ санаа орж ирэх үе байдаг. Гэхдээ мэргэжлийн хүмүүс хийж бүтээх зорилго, хүсэл мөрөөдлийнхөө дагуу л хийдэг байх.
Хөгжимчин хүний хамгийн жаргалтай, гунигтай мөч ямар үед тохиодог юм бэ?
- Мэдээж бидний уран бүтээл олон түмэнд хүрч, тэд биднийг ойлгож, хүлээж авч халуун алга таших мэдрэмж хамгийн сайхан. Мөн бид бүхэн хамтлагаараа сүүлийн таван хоногт дөрөв дэх цомгийн ажлаа дуусгалаа. Энэ том ажлын үеэр өглөөний 7 цагаас оройн 23 цаг хүртэл бичлэгтээ орж цомгийн бичлэгээ хийж дуусгасандаа маш их баяртай байна. Энэ бол маш сайхан мэдрэмж шүү дээ. Бид зорьсон зорилгодоо хүрлээ, өөрсдийн хүссэнээр дуугаралтуудаа хийж чадлаа. Энэ нь хөгжимчин хүний жаргал байлаа гэж дүгнэж байна. Харин гунигтай үеийн талаар ярихад янз бүрийн л тохиолдлууд байдаг. Жишээ нь өөрийн хөгжмийн зэмсэг эвдрэх үед маш гунигтай мэдрэмж төрдөг. Ямар нэгэн хөгжмийн наадмын үеэр маш олон хөгжимчидтэй хамт урлагийн сайхныг мэдэрч байгаад цаг нь болохоор өөр өөрийн замаа хөөгөөд явахад бас их гунигтай байдаг.
- Сонсогч хүний зүгээс ардын хөгжмөө тоглон хөөмийлөх үед огших мэдрэмж эрхгүй төрөх юм. Тэгвэл энэ агуу соёлыг бидэнд мэдрүүлж буй хүний хувьд тухайн үеийн мэдрэмж өөрт хэрхэн нөлөөлдөг вэ?
- Хөгжмөө тоглох үеийн мэдрэмж бол үнэхээр агуу, ёстой л үгээр зүйрлэшгүй сайхан байдаг. Ардын урлагтаа суралцаад өөрийн болон гадаадын олон хүмүүст хүргэж байгаадаа өөрөөрөө бахархах үе байдаг. Энэ том урлагийг их бага хэмжээгээр сурталчилж суралцаж байгаадаа их л баяртай байдаг юм. Энэ бол хэн нэгэнд амар олдоод байх аз завшаан биш шүү дээ.
Монгол Улсын ардын урлагийг ойлгож дэмждэг хүмүүстээ хандан юу гэж хэлмээр байна?
- Монгол ардын урлагийг сонирхдог, ойлгодог, хүлээж авдаг бүх хүмүүстээ талархаж явдаг. Мөн өнөөдрийг хүртэл биднийг үзэж дэмжиж байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Ингэж золбин маягаар тэнүүчлэх нь соёлын бодлогогүй салан задгай байгаагийн шинж.ОХУ, БНХАУ, БНСУ-ын уран бүтээлчид ингээд бусаддаа шавар болоод тэнээд явдаггүй дээ. Ядуугийн зовлон юм даа.
Uuruu buh yumaa hiigeed Europd garaad Irsen yum shig l tom yarij .
2009 onoos gene uu. Umnu uur khamtlagt baisan shig sanagdahiin.