Урлагт хайртай Монгол түмэндээ ардын хөгжмөө сурталчлан, гайхамшигтай шанзны аялгууг хүргэсээр ирсэн "Шанз 3" хамтлагийн хөгжимчин Э.Булгантай хувийн амьдрал, уран бүтээлийн талаар ярилцлаа.
Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцвал?
- Хамтлагийн хувьд сүүлийн үед нам жим байна. Уран бүтээлийн хувьд шанзтай дуу хийхээр ажиллаж эхэлсэн.
Танай хамтлаг анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ?
- Манай хамтлаг 2010 онд байгуулагдсан. Үүнээс хойш долоон жил өнгөрсөн байна.
Та хэдэн настайгаасаа хойш хөгжим тоглосон бэ?
- Би тавдугаар ангидаа “Хөгжим бүжгийн коллеж”-д элсэж орсон. Үндэсний хөгжмийн ангийн сурагчдыг тавдугаар ангиас нь авдаг. Түүнээс хойш шанз хөгжмөөр 11 жил хичээллэж төгссөн. Шанз хөгжим нь нарийн мэргэжил учраас маш урт хугацаагаар ганцаарчилсан байдлаар мэргэжил эзэмшдэг.
Хамтлаг байгуулагдах болсон шалтгаан?
- Хөгжимдөө дуртай , хайртай учраас. Мөн ард түмэндээ шанз хөгжмийг таниулах, сурталчлах зорилготой байгуулагдсан.
Шанз хөгжим бусад хөгжмөөсөө юугаараа илүү онцлогтой вэ?
- Маш гоё тепмртэй. Ер нь бол цорын ганц хөгжим шүү дээ. Хөгжлийн хувьд тийм ч их ахиц дэвшилтэй биш байгаа. Тун удахгүй өшөө илүү чадварлаг уран бүтээлчид гарч ирээд хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Таны үлгэр дууриалал авч өссөн хөгжимчин хэн бэ?
- Өөрийн мэргэжлийн багш Нанзадийн Зүмбээ гэдэг хүнийг нэрлэнэ. Би багшаасаа 11 жилийн турш хичээллэж байж энэхүү мэргэжлийг өвлөж авсан. Ерөнхийдөө олон жил нарийн мэргэжлийг эзэмшдэг учраас багш нартайгаа нэг гэр бүл мэт л болчихдог. Миний багш өөрийн мэргэжилдээ үнэхээр мундаг. Бүх л зүйл дээр өдөр бүр суралцдаг байсан. Одоо ч гэсэн багштайгаа их сайхан харилцаатай байдаг.
Хөгжимчин хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж хэзээ төрдөг вэ?
- Мэдээж тайзан дээр л төрдөг. Тайзнаас уран бүтээлээ олон нийтэд хүргэх тэр мөч л их сайхан санагддаг.
Шанз хөгжмийг тоглоход бэрхшээлтэй тал нь юу байдаг вэ?
- Яахав жаахан хүнд л байдаг юм. Бид нар босоогоороо тоглодог учраас харахад нэг л гоё амархан мэт харагддаг. Урлагийн хүмүүс чинь хэдий хүнд хэцүү байлаа ч тухайн үеийн бэрхшээлийг нүдэнд ил харагдуулдаггүй шүү дээ. Аль болох үзэгчдэд сайхан мэдрэмж өгөхийн тулд гоё харагдах шаардлагтай тулгардаг. Шанз ойролцоогоор 4-5кг. Хэцүү зүйл гэж бараг л байхгүй. Анх сурахад л хэцүү байсан. Гараа өргөж барьдаг байсан учраас их л чилдэг байлаа.
Шанз хөгжмийг ямар материалаар хийдэг вэ?
- Царыг нь могойн арьсаар, ишийг нь хар, улаан гэх мэт төрөл бүрийн модоор хийгддэг.
Манай Монголд Шанз хөгжмийг үйлдвэрлэж байгаа юу?
- Эгшиглэн манлай гэдэг компани бий. Гэхдээ Монголд могойн арьс гэж байдаггүй учраас ихэнх нь БНХАУ-аас орж ирдэг.
Шанз хөгжмийг хэдэн жил хэргэлдэг вэ?
- Нэг хөгжмөөрөө түлхүү байдаг. Олон жил түүгээрээ тоглоно. Хуучрах тусам ая дуу, хөг нь гоё орж ирдэг юм. Шанз хөгжмийг сурч байгаа хүмүүс жижиг, бага гарын хөгжмөөр тоглож сурдаг. Дараа нь дунд гарын, их гарын гэж явдаг юм. Би их гарын хөгжмөө авснаас хойш 10 гаруй жил барьсан. Харин одоо бол шинэ хөгжимтэй болсон.

Шинэ хөгжмийн мэдрэмж ямар байна?
- Ерөнхийдөө дажгүй. Анхнаасаа сайн сонгож шилж авдаг учраас зөв сонголт хийсэн гэж бодож байна.
Хуучныгаа яагаад солих болов?
- Хуучин хөгжим маань байгаа. Шанз хөгжим нарийхан иштэй учраас ийшээ тийшээ тоглолтоор явах үед бэртэл гэмтэл их авдаг. Хальт унагаах, юм шүргэхэд л иш нь хугарчихдаг учраас маш олон засвар орсон. Тэгээд л ер нь нэг солих цаг нь болсон юм шиг санагдаад саяхан сольсон.
Та яагаад хөгжимчин болохоор шийдсэн бэ?
- Багаасаа л хөгжмийн дугуйланд явсан. Бага ангиа хөгжмийн сургууль гэж нэрлэгддэг 44-р сургуульд “Ёочин” хөгжмийн ангид суралцаж төгссөн. Тухайн үед сургуулиа төлөөлж маш олон тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Тэгээд л багаасаа сонирхсон зүйлдээ тууштай хандаж 5-р ангиасаа хөгжим бүжигт орсон. Элсэж ордог жил ёочингийн анги байхгүй тул шанзны ангид орж байсан.
Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?
- Манай эцэг эхийн талаас урлагийн хүн байхгүй. Гэхдээ би өөрөө урлагийн хүнтэй гэр бүл болсон. Хүүхдүүдээ соёл урлагтай холбох, удамшуулах хүсэл их байдаг.
Та хэдэн хүүхэдтэй вэ?
- Гурав. Том нь 10 настай хүү, дундах нь 3 настай охин, бага нь одоо хоёр сартай.
Том хүүгээ хэдэн настайдаа төрүүлсэн гэсэн үг вэ?
- 20 настайдаа. Одоо би 29 настай.

Та гурван хүүхдийн ээж болсон гэхэд их сайхан харагдаж байна?
- Баярлалаа. Гэхдээ урлагийн хүмүүс бусдаас өөр жирэмсэлдэг юм шиг бодол олон нийтийн дунд байдаг. Яг үнэндээ би төрөх үедээ хэвийн жингээсээ 20 кг нэмж таргалсан. Энгийн үедээ би 50кг-тай байдаг. Харин одоо 62кг-тай байна. Хүн чинь эх хүн болохын тулд турж таргалалгүй яахав.
Таны өндөр хэд вэ?
- Миний өндөр 1,62.
Тийм үү. Та их өндөр харагддаг.
- Тайзан дээр гараад л өндөр өсгийтэй гутал өмсөхөөр тэгж харагддаг байх. Тайз өөрөө үзэгчдээс арай өндөр байрлалтай байдаг шүү дээ. Ийм үг зөндөө сонсож байсан. Тайзнаас буухаар “өө ямар намхан юм бэ” гээд л. Шанз хөгжим яг л эмэгтэй хүнд зориулагдсан мэт байдаг. Бариад суухад нуруу цэх, бүх л талаараа эмэгтэй хүнийг төгс болгодог юм шиг санагддаг.
Ээж болсон мэдрэмж ямар байсан бэ?
- Үгээр хэлшгүй сайхан байсан. Ээж болсноор хамтлагийн уран бүтээл цалгардаж байгаа тал бий. Хөгжмөө болиод гэртээ байж хүүхдээ хармаар санагдах үе байдаг. Гэхдээ яагаад ч юм бүү мэд. Бодлоо дагаж чададгүй. Одоо бодоод байхад сургуулиа дөнгөж төгссөн үедээ л карьераа сайн хөөх хэрэгтэй байсан мэт санагддаг. Гурван хүүхдийн ээж болчхоод тайзан дээр гараад олон хүмүүсийн өмнө тоглоно гэдэг нэг талаараа хүндрэлтэй л санагддаг юм.
Хүүхдүүдээс тань урлагийн мэдрэмж илэрч байна уу?
- Том хүүгээс минь илэрсэн зүйл алга байна. Ер нь ч урлагтай холбогдохгүй юм шиг санагддаг. Харин охидуудаа л хөгжимтэй холбох хүсэлтэй байна. Охидуудад гэр бүлийн ачаалал бага байдаг учраас илүү тохиромжтой. Эрэгтэй хүмүүст арай өөр үүрэг хариуцлага оногддог. Урлаг бол мөнгө олдог мэргэжил биш. Тийм учраас эрэгтэй хүмүүс гоц авьяастай биш л бол дэмий санагддаг.
"Шанз 3" хамтлагийн гишүүдийн талаар яривал?
- Тэгэлгүй яахав. Манай хамтлагийн гишүүдийн талаар олон нийт сайн мэддэггүй. “Шанз гурав” л гэдэг нэрэн дор явдаг учраас тэр байх. Бид анх хөгжим бүжгийн коллежид орсон цагаасаа л хамт байж, суралцаж, хийж бүтээж ирсэн. Хамтлаг байгуулагдсанаас хойш тооцвол 7 жил хамтдаа байжээ. Одоогийн байдлаар Бямбаа бид хоёр хувийн амьдралаа эхлүүлсэн байна. Ариунаа маань гадаадад сурч байгаад саяхан ирсэн. Бүгд л хувийн ажлынхаа хажуугаар уран бүтээлдээ анхаарлаа хандуулж байна даа.

Долоон жилийн хугацаанд хэр олон уран бүтээлтэй болсон бэ?
- Маш олон бүтээл гаргасан. Манай продессерийг “Хурд” хамтлагийн бөмбөрчин н.Отгонбаатар хийдэг. Бидний анхны уран бүтээлүүд “Элсэн цөл”, “Эрч хүч” маань олон түмэнд маш сайхан хүрсэн. Ерөнхийдөө уран бүтээлийнхээ цөөхөн хэсгийг л видео бичлэгээр хүргэсэн. Ихэвчлэн тайзнаас эгшиг аялгуугаа хүргэдэг. Энэ жил цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа. Шанз хөгжмийн уран бүтээл гаргах нь бусад хөгжмийн төрлөөс харьцангуй удаашралтай байдаг. Хөгжмийн зохиолчоос багагүй ур чадвар шаарддаг юм.
Та нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байсан бэ?
- Манай хамтлаг “Харанга”-ийн 15 жилийн ойд вокалистаар оролцож байсан. Түүний дараа “Хурд” хамтлагаас вокал хийх санал ирсэн юм. Бид ч дуртай зөвшөөрч “Хурд”-ийн студи дээр очсоноор анх нөхөртэйгөө танилцаж байлаа.
Та нар вокалист хийнэ гэдэг чинь бас сайн дуулдаг гэсэн үг үү?
- Миний хувьд тийм ч сайн дуулдаггүй. Манай хоёр дуулах дуртай, авьяастай хүмүүс. Бид "Хурд” хамтлагийн ард вокалист хийхийн хажуугаар шанз хөгжмөө тоглож өөрсдийн уран бүтээлтэй болох хүсэлтээ илэрхийлсэн. Энэ саналыг минь маш сайхан хүлээж авч “Хурд” студи “Шанз 3” гэдэг хамтлагийг утгаар нь гаргаж ирсэн дээ.
Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
- Мэдээж цаашдаа хөгжмөө тоглоод л явна. Хамтлагийн хувьд үндсэн зорилгоо биелүүлж чадсан гэж боддог. Анх хүмүүс шанз хөгжмийн талаар мэдэх нь ховор, тоодоггүй байсан. Яг л урлагийнхаа хүрээнд л мэдрэгддэг, зорилтот хүмүүстээ хүрдэг байлаа. Харин одоо олон нийтийн чиг хандлага өөр болсон. Шанз хөгжмийг бид гурваар таньсан гэдэгт итгэлтэй байдаг.
Та нарын араас гарч ирсэн шанз хөгжмийн хамтлаг бий юу?
- Одоогоор байхгүй. Яг шанз хөгжмөөр ахиад гурав, дөрвөн охин гараад ирвэл дууриасан болох талтай. Хүмүүс тийм ойлголт авч магадгүй. Гэхдээ шанз хөгжим оролцсон хамтлагууд байдаг.
Та сургуулиа төгссөнөөс хойш хамтлагийн уран бүтээлээс гадна албан ажил хийсэн үү?
- Үгүй ээ. Ер нь тэгж явах дургүй. Цагт баригдахыг хүсээгүй, хүний уран бүтээлүүдийг тоглохоос илүүтэй өөрийн уран бүтээлтэй болохыг хүссэн юм.
Танай хамтлаг юун дээр эвлэлдэн нэгдэж өнөөдрийг хүртэл явсан гэж бодож байна?
- Бид багаасаа хамт нэг зорилготой өсөж том болсон уран бүтээлчид. Бусдаас илүү хугацаа хожсон гэж боддог. Цаг хугацаа гэдэг өөрөө хамгийн чухал зүйл шүү дээ. Бие биенээ мэддэг хүмүүс хамтлаг болоод зорилгоо биелүүлэхэд тийм ч хэцүү байгаагүй. Энэ л бидний эвлэлдэн нэгдэж чадсан том шалтгаан гэж бодож байна.
Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж боддог вэ?
- Мэдлэгтэй боловсролтой байгаасай гэж хүсдэг. Дуртай, хүссэн юмаа хийж амьдраасай гэж боддог.
Эрэгтэй хүний тухайд?
- Эмэгтэй хүнийг хүндэлдэг, халамжтай байгаасай гэж боддог. Тухайн эр хүн баян ядуу хамаарахгүйгээр хайртай хүнээ халамжаар дутаадаггүй тийм л эрчүүд олон байвал сайхан шүү дээ.
Таны нөхөр хэр халамжтай вэ?
- Миний хань супер халамжтай.
Таны нөхөр анхны хайр чинь мөн үү?
- Би анхны хайр гэдэг зүйлийг ойлгогддоггүй. Үүнээс илүү үүрдийн хайр байдаг гэдэгт итгэдэг. Анхны хайр гэдэг чинь жаахан байхад л таардаг байлгүй дээ. Өнөөх тэгээд хайр мөн ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй шүү дээ.
Сайн гэргий байхад хэр их хичээл зүтгэл шаардаж байна?
- Сайн гэргий байхын тулд хичээхээсээ илүүтэй нөхөр хүүхдэдээ хайртай хүн чинь цаанаасаа л бүх зүйлээ хийгээд явчихдаг юм байна. Эр нөхрөө аль болох хоолтой ундтай, цэвэрхэн хувцастай, хайраар дутаахгүй явуулахыг бодно. Хүүхдүүдээ ч мөн адил. Ээж эхнэр хүн болохоор цаанаасаа л бүх зүйл ундардаг юм байна.
Ярилцсанд баярлалаа.
А.Тэмүүл