Рик Роснер бол дэлхийн хамгийн өндөр IQ-тэй хүмүүсийн хоёрт бичигддэг нэгэн юм. Эрүүл хүний дундаж IQ 100 байдаг бөгөөд олонхи хүмүүсийн оюуны чадамж 85-114-ийн хооронд хэлбэлздэг байна. Мөн хүний IQ 100-130-ын хооронд ухаалаг, 130-140-ын хооронд ухаантай, 140-өөс дээш бол гоц ухаантай, 160-180-ын хооронд сод ухаантай, 180-200-ын хооронд суут ухаантан, 200-220-ын хооронд байвал аугаа их суут гэж үздэг аж.
Харин Рик Роснерийн IQ 192 бөгөөд Дэлхийн хамгийн өндөр оюуны чадамжтай хүмүүсийн тайлбар толинд хоёр дахь өндөр IQ-тэй хүнээр бичигджээ. Гэсэн хэдий ч түүнд заримдаа бусдын адил тэнэг гэдгээ мэдрэх үе багагүй тохиолддог тухай тэрбээр хуучилжээ. Одоогоор Рик Роснер Калифорни мужид эхнэрийн хамт амьдарч байгаа аж. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Таны твиттер дэх товч танилцуулга дээр дэлхийн хоёр дахь өндөр IQ-тэй хүн гэж байсан. Үүнийг ямар шалгуур дээр үндэслэсэн бэ?
-Би бараг 30 гаруй удаа IQ шалгах тест өгч байсан л даа. Тест өгөх бүртээ л хамгийн өндөр оноог авч байлаа. Харин 2009 онд өгсөн тестээр намайг дэлхийн хоёр дахь хамгийн өндөр оюуны чадамжтай хүн гэж тодорхойлж “Дэлхийн хамгийн өндөр оюуны чадамжтай хүмүүсийн тайлбар толь”-нд оруулсан. Мөн өөр нэг хүн дэлхийн хамгийн өндөр оноог авсан байдаг.

-Тэгвэл таны оюуны чадамж юун дээр хамгийн тод илэрдэг вэ?
-Голдуу математик, физик юм уу даа. Бас хүн төрөлхтний 99.9 хувиас илүү хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд онигоо бичих хоббитой. Заримдаа санамсаргүй байдлаар бичсэн онигоонууд маань твиттерт нийтлэгдчихсэн байдаг. /инээв/
-Таны бодлоор оюун ухаан болон мэдлэгийн хооронд ямар ялгаа байна вэ?
-Мэдлэг бол гэдэг бол бэлэн байгаа баримт, мэдээлэл юм. Өөрөөр хэлбэл та цоо шинэ мэдлэгийг өөрийн оюун ухаанаар бүтээх шаардлагатай тэр бүр тулгараад байдаггүй. Харин түүнийг эзэмших асуудал л хамгийн чухал. Тэгвэл оюун ухаан гэдэг бол өөрийн мэдэж буй эерэг хүчийг өөрийн амьдралд бодитоор хэрэгжүүлж буй хэрэг юм. Мэдээж хэрэг өнөөдөр бидний оршин буй цаг үед олон янзын техник, технологи ашиглан мэдлэгийг бүтээдэг болсон. Иймээс мэдлэг гэдэгт мэдээлэл олж авах ур чадварыг багтаах нь зүйн хэрэг биз ээ.
-Хэдийнээс өөрийгөө бусдаас илүү ухаантай гэдгээ мэдэж эхэлсэн бэ?
-Миний оюуны чадамж олон зүйл дээр илэрч байсан ч ихэнхдээ тун тогтворгүй байлаа. Үеийн хүүхдүүд дөнгөж л цэцэрлэгт явдаг байхад би хэдийн уншаад сурчихсан байсан. Тухайн үед хүүхдүүд IQ-ийн тест өгсөний дараа багш эцэг эхэд маань миний оюуны чадамжийн тухай анх хэлж байсан юм билээ. Гэхдээ би бүх зүйлд ухаалаг, төгс гэсэн үг биш л дээ. Би багаасаа нийгмийн талын зүйлсэд жаахан сул байсан.

Зарим зүйлсийг бүрэн ойлгох хүртэл миний бүх зүйл маш гайхалтай мэт санагдаж байлаа. Харин би ахлах сургуульд орсныхоо дараахан ангидаа, сургуульдаа хамгийн ухаантай сурагч байж болох ч дараагийн Эйнштейн болохуйц хангалттай ухаантай биш гэдгээ ойлгосон. Энэ үеэс би бусад жирийн хүмүүсийн л адил ажиллаж, амьдрах болсон. Эхэндээ IQ тест өгөх бүртээ “хөөх би магадгүй хамгийн ухаалаг нэгэн байж болох юм” хэмээн баярладаг байсан ч эцэстээ энэ бүхэн ердөө л цаг үрсэн зүйл гэж бодох болсон доо.
-Ямар үед та өөрийгөө хангалттай ухаантай биш гэж боддог вэ, өөрөөр хэлбэл өөрийгөө тэнэг хүн мэтээр мэдэрдэг вэ?
-Заримдаа хүмүүсийн амархан сурчихдаг зүйлийг бий тийм ч хурдан сурдаггүй. Ухаантай хүнд ч гэсэн бусдаас дутахааргүй асуудал тулгардаг юм шиг санагддаг шүү. Жишээ нь гэхэд би 30 хүртлээ энгийн нэг бие хамгаалах мэхийг хийж чаддаггүй байсан. Тухайн үед би шөнийн цэнгээний газар ажилладаг байсан л даа. Энэ чинь эрсдэлтэй газар шүү дээ.
-Та хэзээнээс телевизийн нэвтрүүлэг продюсерлэж, зохиол бичих болсон бэ?
-1980-аад оноос эхэлсэн. Хамгийн анх “MTV”-ийн шоу тоглолтуудад ажиллаж туршлага хуримтлуулж байлаа. Бас хамгийн анх инээдмийн зохиол бичиж эхэлсэн үе юм уу даа. Тухайн үед миний арга барил таалагдсан учраас дадлагажигчаар ажиллахыг санал болгосон. Яваандаа хянагч болж, сүүлд нь шоу нэвтрүүлгийн зохиолчоор ажиллах болсон. Удалгүй эхнэрийн хамт Лос Анжелес руу нүүж тэндээ хэдэн жилийн турш маш олон төрлийн шоунд ажилласан.
-Таны амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 6:30 цаг гэж босдог. Өглөөний цайгаа уух зуураа сонин уншиж, интернетээс мэдээлэл хайна. Мөн эрүүл мэнд, урт наслалт, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг эм, витаминыг түлхүү хэрэглэхийг зорьдог доо. Дараа нь ажилдаа явна. Харин зарим үед ердийн хэмнэлээр алхаж, ном уншина, фитнесээр хичээллэнэ, физикийн тухай судална. Оройн цагаар эхнэртэйгээ өдрийн үйл явдлын талаар ярилцаж, хааяа зурагт үздэг. Одоогоор би өөрийнхөө тухай нэгэн дурдатгал ном бичиж байгаа.
-Эхнэрийнхээ тухай танилцуулаач?
-Эхнэрийг маань Кэрол гэдэг. Бид саяхан хуримын 23 жилийн ойг тэмдэглэсэн. Хуримаа хийхээсээ өмнө бид таван жил хамт амьдарсан даа. Ингээд бодохоор би амьдралынхаа талаас илүү хугацааг энэ гайхалтай бүсгүйтэй хамт өнгөрөөжээ. Эхнэртэйгээ учрахаас өмнө олон л бүсгүйчүүдтэй уулзаж, болзож явлаа. Гэхдээ эхнэр маань тэс өөр, өвөрмөц нэгэн гэдгийг учирсан даруйдаа ухаарсан.

-Хүмүүсийн ямар зан чанар таныг бухимдаж, урам хугарахад хүргэдэг вэ?
-Бусад хүмүүс юунд урам хугарч, бухимдаж байна би ч бас тэдэнтай адил зүйлд сэтгэл гонсойдог. Хэдийгээр бид хөгжсөөр байгаа ч бидний тархи хязгаарлагдмал хэвээр байна. Миний хамгийн их болгоомжилдог зүйл бол өөрөө өөрийгөө хязгаарлах явдал юм. Айдсаасаа болж хийж чадах зүйлээ чадахгүй хэмээн өөрийгөө хязгаарлаж, хойш суух нь хамгийн аюултай гэж боддог.
Бэлтгэсэн: Н.Норжоо
Эх сурвалж: Цахим ертөнц
Түүний ярилцлага хүний хөгжлийн бүхэл бүтэн оюуны фолисопийн ухагдахуунаар дүүрэн юм