Монгол улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох УИХ-ын чуулганд нам нэгт 29 гишүүн нь орж саналаа өгсөнгүй.
Сураг сонсоход тэд нэр бүхий сайд нарыг суудалд нь үлдээх, мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахгүй гэж хамгаалсан зарим гишүүдийг сайд болгох тохироог У.Хүрэлсүхтэй хийхийг хүссэн гэнэ.
Харин түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учир ийнхүү “ажил хаясан” гэх. Гэхдээ тэдгээр гишүүд тэрхүү шантажаа далдлах аргаа сайн олж, мэдэгдэл хийцгээлээ.
Тэд У.Хүрэлсүхийг АН-ын бүлэгт орж Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүний асуудлаар санал солилцсон нь ертөнцөд байхгүй өөдгүй хэрэг гэцгээв.
Мөн У.Хүрэлсүхийг намаа хагалчихаад одоо эргүүлж эвлүүлэх талаар ямар ч санаачилга гаргахгүй байна гэлцлээ. Үнэн хэрэг дээрээ бол МАН-ын Бага хурал дээрээ тэд асуудлаа хагалуулж, гишүүдийнх нь 64 хувь нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохыг дэмжсэн.
Мөн “У.Хүрэлсүхэд эв нэгдлийг яаж хангаж ажиллах юм гэдэгт хариулт алга” гэх нь сайдын суудлуудаар наймаалцах санаатайг нь шууд гэрчилж байгаа хэрэг юм.
Тэднийхээр бол У.Хүрэлсүх Засгийн газрынхаа 50 хувийг “60 тэрбум”-ынхан гэгдэж буй бүлэглэл болон тэднийг дагалдагсадад өгөх ёстой юм байх.
Бүлэглэлтэй ямар ч тохироо хийхгүй гэсэн У.Хүрэлсүхийн зөв болох нь ийнхүү харагдаж эхэллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг нь У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжсэн. Тэгэхэд 29 гишүүн нь байж л байсан. Гэтэл У.Хүрэлсүхийг АН-ын бүлэг дээр орчихоод бидэнд хэлээгүй “нууцаа” хэлчихлээ гээд байх нь хачирхалтай
Ө.Энхтүвшин, Ж.Бат-Эрдэнэ нар 10 жилийн өмнө жигүүр байгуулж намаа шантажилсаар сайд дарга болж байсан.
Энэ удаа ч албан тушаалын төлөө шантааж хийж намынхаа бодлогыг зөрчин УИХ-ын хуралдаанд оролцож саналаа өгсөнгүй. Өмнө нь Ө.Энхтүвшин нарыг намд дэмжих гишүүд цөөнгүй байсан бол энэ удаад сөрж дэвээд байгааг нь намын гишүүд тэвчихгүй л болов уу.
Хэт хувийн болоод бүлэглэлийнхээ эрх ашгийг өмнөө тавьж ирсэн хүмүүс ийнхүү явж ч чадахгүй эргэж улдаад байхад хэн л дуртай байв гэж.
“Эзний алба ээлжтэй” гэгчээр халаагаа өгч чадахгүй ийнхүү уйлагнан эрэлхийлэх нь инээдтэй харагдаж байна. МАН-ын Бага хурал, бүлгийн шийдвэрүүдээ зөрчиж сайдын суудлаар шантааж хийж байгаа УИХ-ын гишүүд муухай харагдаж байна.
Эх сурвалж: gereg.mn