Д.Сүхбаатар талбайд өнөөдөр Монгол Улсын нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд "UB.SPORT"-2017 Биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг 11-17 цагийн хооронд үргэлжлэх юм.
Жил бүрийн аравдугаар сарын 29-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өдөр тохиодог уламжлалтай. 1990-ээд оны дунд үеэс нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ өдрийг ёслон тэмдэглэх болсон бөгөөд 2003 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын нийслэлийн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэдэг томъёоллоор хуульчилсан байдаг.
Энэ нь уг өдрөөр бүх нийтээр амрахгүй боловч бүх нийтээр тэмдэглэж өнгөрүүлнэ гэсэн үг. Ийнхүү намрын их ажил, өвөлжилтийн бэлтгэл, ургацын баяртай зэрэгцүүлэн нийслэлийн өдрийг тэмдэглэдэг болсон юм. Энэ жил нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдаж, өргөжин хөгжсөн 378 жилийн ой тохионо.
Түүх сөхвөл, 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг таван настайд нь Монголын шашны тэргүүнээр өргөмжлөн Шар бөсийн орд барьж суулгасныг Монгол Улсын нийслэлийн үүсэл гэж үзэж тийнхүү анхдугаар Богдыг ширээнд залсан өдрийг орчин цагийн тоололтой онолдуулан багцаалж аравдугаар сарын 29-нийг тогтоон товлосон ажээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250