...
...

УУЯ, АМГТ-ны газрын 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжүүдээс 3-25 сая төгрөгийн хөлс авсан нь илэрчээ

АТГ-аас яамдын 2015, 2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийжээ.  Энэ шалгалтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон түүний харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар 19 мэргэжилтэн хувийн компаниас давхар цалинждаг байсан нь тогтоогдоод байгаа аж.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын  19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож, 3-25 сая төгрөгийн хөлс авсан байна.

Ингэж төрийн албан хаагч хувийн компанийн ажилд шинжээчээр оролцохыг АМГТХЭГ-ын даргын тушаалаар баталсан журмаар зохицуулж байсан байна.

 Үүнийг АТГ-аас  авлигын маш том эрсдэл гэж үзэж буй  бөгөөд  төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзжээ. Дээрх 19 мэргэжилтэн амалтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авсан гэнэ.

Гэтэл төр, хувь хоёрыг хольчихсон байгаа УУЯ-ны өнөөгийн удирдлага “Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг. Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хийжээ.   

 Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад дээрх зөрчил илэрсэн байна.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь иргэн албан тушаалтан, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэдэггүй, удирдлагын зүгээс тавих хяналт сул байна гэж АТГ үзсэн байна.

 Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон хоёр албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэгт “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалт болон Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчсөн байна.

Мөн ашигт малтмал, газрын тосны газар нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компаниудаас гэрээний дагуу төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжихэд жил бүр мөнгө татаж,үүнд:

2015 онд 1.322.016.088 төгрөг,
2016 онд 1.726.721.164 төгрөгийг зарцуулсан байна.

Уг мөнгө зарцуулж буй хууль зүйн үндэслэлийг танилцахад Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зарцуулж байх боловч уг журмыг 1991 оны Газрын тосны тухай хууль, Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гаргасан байна. Гэвч уг тогтоол нь 2014 онд Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.

 Цаашид эдгээр зөрчил дутагдлын мөрөөр   АТГ  Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран гүнзгийрүүлэн шалгах аж.

ЭХ СУРВАЛЖ: АТГ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ