Нийтийн тээврийн салбарт удахгүй томоохон өөрчлөлт хийгдэх гэж байна. Энэ бол "Тусгай замын автобусны төсөл" юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 1 хүрэхгүй хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа ч нийт иргэдийн 60 гаруй хувь буюу өдөрт 700 мянга, жилд 284,9 сая зорчигч тээвэрлэж байна.
2014 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 736.2 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 62.1 % нь буюу 441.8 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэгдэж, өдөрт 200.0 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь нийтийн тээврийн салбарын хувьд толгой өвтөгсөн асуудал болоод байна. Хэрэв энэ өсөлтийг сааруулах ямарваа арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийт тээврийн хэрэгслийн тоо 970.0 мянган хүрэх юм. Гэхдээ энэ өсөлт нийтийн тээврийн салбарт төдийлөн нөлөөлөхгүй учраас нийтийн тээврийн асуудал улам л хүндрэх төлөв байдал ажиглагдаж байна. Тэгвэл энэ хүндрэлээс гарах арга замыг дэлхийн олон оронд нэвтрүүлж, ашиглаж байгаа тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэнээр зорчих хугацаа 20-40 хувь буурахаас гадна байршил тодорхойлох бүртгэл, хяналтын GPS систем бүрэн нэвтэрч, иргэдэд хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ энэ салбарт зарцуулж байгаа үргүй зардлууд хэд дахин буурна. Мөн хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө ч 70-80 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.
"Тусгай замын автобусны төсөл"-ийг АХБ-аар дамжуулан БНХАУ-ын засгийн газраас техникийн туслалцаатайгаар, санхүүжүүлж нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд хотын босоо тэнхлэгт нийт 42,5 км замыг барьж байгуулах, 57 км замыг засварлах, 10 уулзварт өргөтгөлийн ажлууд хийгдэхээс гадна 146 тусгай замын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд оролцоно.
2023 он хүртэл хэрэгжих энэ төслийн хэрэгжилт, явцын талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Тэрээр нийтийн тээврийн салбарт олон шинэ хуудас нээх, аюулгүй тохь тухтай, ухаалаг систем нэвтрүүлэх энэ төслийн хэрэгжилтийг дэмжиж хамтарч ажиллахаа мэдэгдлээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250