...
...

“Нийслэлийн бүс”-ийн сургалт болж байна

ЗГХА, Биеийн тамир, спортын газраас санаачлан зохион байгуулж буй “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт “Нийслэлийн бүс”-ийн сургалт БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болж байна. Энэ сургалтад нийслэлийн есөн дүүргийн БТСГ болон хүчний долоон спорт хорооны удирдлага, мэргэжилтэнүүд чуулж байгаа бөгөөд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар тэдэнд мэдээлэл өгч байгаа юм.

Сургалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар нээж үг хэллээ. Энэхүү сургалтын гол зорилго нь Биеийн тамир, спортын тухай хууль, Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлиг, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр болон салбартаа тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, бодлого боловсруулан тэднээс санал авч, чиглэл боловсруулахад оршиж байна. 

Сургалтын хүрээнд Завхан аймагт “Баруун бүс”, Орхон аймагт “Хангайн бүс”, Дорнод аймагт “Зүүн бүс”-ийн сургалт зохион байгуулсан бол өнөөдөр Нийслэлийн бүст 17 байгууллагын 100 орчим төлөөлөгч хамрагдлаа. Сургалтын эхний өдөр БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл (Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга)-ын талаар илтгэл тавилаа. Үүний араас БТСГ-ын Төрийн захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн О.Баттулга (Хяналт шинжилгээ, үнэлгээ болон шалгуур хийх аргачилал), БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар (Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа, цаашдын чиглэл), БТСГ-ын дарга Х.Бакытжан (Спортын өнөөгийн чиг хандлага) сэдвээр илтгэл тавьсан юм.

Түүнчлэн Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд хорооныхоо энэ оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн дүүргүүд, хүчний спортын хороодуудын удирдлагууд 2017 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн юм.

Сургалт маргааш БСШУСЯ-ны хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Харин сүүлийн сургалт буюу “Төвийн бүс”-ийнх Дархан-Уул энэ сарын 26-27-нд болох юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ