...
...

Оюутнууд хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцлаа

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан 9 дэх жилдээ нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Тус аялалд ХААИС, МУБИС, СУИС, УБИС болон МҮИС-д аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутнууд хамрагдав.

Хотын аяллыг нээж нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх аялал жуулчлалын салбарт ажиллахаар сонгон суралцаж буй оюутан залуусдаа амжилт хүсч хотын иргэний талаарх мэдлэгээ дээшлүүлэн хотын соёлыг түгээж нийслэл хотын үлгэр жишээч иргэн байхыг уриаллаа.

Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авсан байна.

Тус аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний тэргүүлэгч компаниуд болох “АПУ”, “Говь ХК” болон “М Си Эс Кока Кола”, аялал жуулчлалын томоохон төв болох Чингисийн хүрээ баазын үйл ажиллагаатай танилцсанаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид болох Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөч А.Цэрэнчулуун, Чингис хаан дээд сургуулийн багш О.Сүхбаатар, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нартай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлж мэдлэгийн ундаргаас нь хуваалцлаа.

1975 оноос хойш аялал жуучлалын салбарт хүчин зүтгэж байгаа түүхч, судлаач, профессор О.Сүхбаатар жилд нэг сая 200 мянган Монгол жуулчин гадаад улсууд руу аялж байгаа бол, 400 гаруй мянган гадаад жуулчид Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Иймд аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын эдийн засгийг тэтгэдэг, татаж дээшлүүлдэг салбар болгох, гадаад луу урсах валютыг урсгалыг багасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөтөч нарыг мэргэшүүлэх, оюутнуудыг практик дээр дадлагажуулах, чадваржуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй хэмээв. Мөн сайн хөтөч болохын тулд эхлээд нийслэл хоттойгоо танилцах, түүхэн дурсгалт газрууд луу биеэр очиж үзэх, хамгийн сайн хөтчөөс тайлбар авах нь чухал. Тус аялал ирээдүйн хөтөч, аялал жуулчлалын менежер нарт нийслэлийн болон барилга байгууламжийн түүхийн талаар зөв мэдээлэл өгөх, тайлбарлах чадварыг олгох үр дүнтэй аялал боллоо хэмээн онцлов. 

Монгол улсын нэгдүгээр зэрэгтэй хөтөч А.Цэрэнчулуун “Ирэх жилийн хотын аялалд аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд буюу жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагууд болох зочид буудал, ресторан, тээврийн үйлчилгээний болон үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгал үйлдвэрлэдэг байгууллагуудтай танилцуулахыг санал болгов.

Тус аяллыг зохион байгуулж байгаад оюутан залуус баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал ХААИС-ын 1-р курсын оюутан Т.Жавхлантөгс “НАЖГ-аас зохион байгуулсан аялал үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Аялал жуулчлалаар сурдаг мэргэжил нэгт оюутнуудтай танилцаж, мэргэжлийнхээ ач тусаас гадна цаашид юун дээр анхаарч судлахаа мэдсэн учраас үр өгөөжтэй аялал байлаа” хэмээв.

Нийслэл хотын иргэдэд Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах, үлгэр жишээ үзүүлэх зорилготой тус аялал 2018 онд 10 дахь жилдээ улам илүү сонирхолтой хөтөлбөрөөр олныг хамарсан байдлаар зохион байгуулагдах болно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ