2017 оны 10-р сарын 29-нд Монгол Улс багийн спортоор анх удаа тивийн аваргаар шалгарч түүхэнд бичигдсэн билээ. Тодруулбал, ФИБА сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг анх удаа алтан медалийн эзэн болсон юм. Бид энэ удаа түүхэн ялалт байгуулсан Монголын шигшээ багийн тамирчин, Ази тивийн үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөнийг урьж ярилцлаа. Түүний хувьд багаа оноо авсан байдлаар тэргүүлээд зогсохгүй хоёр дахь боломж, цэвэрлэгээний үүргийг сайн гүйцэтгэсэн юм.
ААШТ Монголчуудыг үнэхээр огшоож чадсан. Энэ том алдрыг хүртэх тийм ч амар байгаагүй биз. Таны хувьд хамгийн хэцүү тоглолтыг нэрлээч гэвэл?
- Тийм ээ. Энэ бол нөр их хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн юм. Хүнд тоглолт гэвэл мэдээж зөрдөг тоглолтын дараа Австралийн шигшээ багтай хийсэн тоглолт байсан. Цаг сунгаж хожлыг авсан. Тэмцээн эхлэхийн өмнө “нутагтаа зохион байгуулж байгаа учраас заавал амжилттай оролцох ёстой” гэсэн үүрэг даалгаврыг дасгалжуулагч болон холбооны зүгээс авсан байсан. Австралийн баг тус тэмцээнд урилгаар ирж оролцож байгаа нэлээн чансаа өндөр баг байсан учраас бага зэрэг эмээх зүйл гарч байсан ч үүрэг даалгавраа амжилттай биелүүлж чадсандаа баяртай байна.
Сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэгдсэн байсан бэ?
- Бидний хувьд сэтгэл зүйн бэлтгэл сайн байсан. Спортын сэтгэл зүйч н.Заяа эмч дээр багийн сэтгэл зүй болон хувь хүн өөрийгөө хэрхэн яаж бэлдэх тал дээр суралцсан. 2008 оноос хойш олон улсын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн учраас ерөнхийдөө тоглолтын үед сэтгэл зүйгээ бэлдээд сурчихсан гэх юм уу даа.
Баг хамт олныхоо тухай яриач?
- Манай багийн хувьд 3х3 сагсан бөмбөгийн төрөлд тамирчин бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Тухайлбал, Цэнгүүнбаяр маань оролт сайтай, хамгаалалт сайтай гэх мэт. Манай баг хоорондоо маш сайн ойлголцдог. Бид нэг ч удаа хоорондоо маргалдаж үзээгүй. Удаан хамт нэг баг байсан учраас бусдаас илүү давуу талтай гэж боддог. Бид спортод нэг баг хамт олон, амьдрал дээр үй зайгүй сайн найзууд.
Азийн аварга Монголын шигшээ баг 10 гаруй жил хамт тоглож байгаа гэж ойлгож болох уу?
- Багийн бүрэлдэхүүний хувьд Цэнгүүнбаяр, Цэрэнбаатар бид гурвын хувьд 2008 оноос хойш “ТЛЖ-13” багт тоглож байгаа тамирчид. Ерөнхийдөө тэгж ойлгож болно.
Улирлын шилдэг тоглогч болсон шүү дээ. Та энэ шагналыг хүртэнэ гэж төсөөлөөгүй байсан гэж хэлж байсан. Ер нь авчих байх гэдэг бодол төрөөгүй гэж үү?
- Мэдээж тамирчин хүн дотроо бодсон зүйл байлгүй яахав. Тэмцээн эхлэхээс өмнө зураг авалт хийгдэж байх үеэр хувцсаа солих өрөө рүү орсон чинь үнэ цэнэтэй тоглогчийн цом байсан юм. Тэгэхээр нь тухайн цомыг өргөж үзээд “Аая ингээд авчихсан байвал гоё байна уу” гээд л багийнхантайгаа хошигнож байсан. Тэмцээний дараа намайг “MVP” буюу үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэхэд яг бэлдэж байсан шигээ өргөөд л мөрөөдөл биелсэн мэт санагдаж байлаа.
Сагсан бөмбөг бол багийн спорт. Хувь хүний спортоос ялгарах олон зүйл байдаг уу?
- Тэгэлгүй яахав. Хувь хүний спортод нэг хүн нэг хүнтэйгээ өрсөлдөж ялалт, ялагдлаа хүлээдэг. Харин багийн спортын амжилт хэзээ ч нэг хүнээс шалтгаалдаггүй. Багийн бүх тоглогч бие биенээ сайн мэдэрч байж л тоглодог. Ялагдал эсрэг багт биш баг хамт олны ойлголцлоос шалтгаалдаг. Олон хүмүүс нэг хүн шиг сэтгэж, нэг багц болж тухайн спортын талбай дээр амжилттай байна гэдгээрээ л өөр гэсэн үг.
Харцаараа ойлголцдог юм шиг санагддаг. Энэ хэр үнэний ортой вэ?
- Тийм зүйл ажиглагддаг. Тоглолтын талбай дээр ч амьдрал дээр ч тэгж ойлголцох үе байдаг. Ялангуяа манай багийн хувьд багагүй хугацааг хамт өнгөрөөсөн учраас ёстой зүү орох зайгүй сайн найзууд болсон хүмүүс. Энэ нь өөрөө багийн спортод амжилт үзүүлэхэд нөлөөлж байгаа гэж боддог.
Таны хувьд Австралийн багтай тоглох үед гайхалтай хаалт хийсэн. Энэ нь ААШТ-ний шилдэг таван үзүүлбэрийн нэгээр тодорсон. Хурдтай довтолгоог мэдэрч хамгаалалтаа амжилттай болгож буй тань бэлтгэл сургуулилт сайн байгаагийн илрэл байсан болов уу?
- Бүх л спортод бэлтгэл сургуулилт маш чухал. Мэдээж хийсэн тоглолтуудын үеэр үзүүлсэн амжилттай хамгаалалт, шидэлтүүд үүнтэй холбоотой. Мөн тухайн үеийн мэдрэмж гээд л олон зүйлээс шалтгаалж байгаа. Нутгийн дэвжээн дээр тоглож байсан учраас өөртөө итгэх итгэл илүү нэмэгдэж зоригтой тоглолтуудыг хийсэн дээ.
Нэг жилд ойролцоогоор хэдэн тэмцээн уралдаанд оролцож байна вэ?
- 5х5 төрөлд тоглодог байхад лигийн тамирчин жилдээ улирлын хоёр тоглолт, олон улсын тэмцээн байвал хоёр тэмцээнд л явдаг. Харин 3х3 төрөлд 7 хоног болгон олон улсад өндөр түвшний тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Энэ төрөлд топ 5 багийг урьж оролцуулах ёстой гэсэн заалт бий. Үүнд багтаж чадвал нэг жилд 300 гаруй тэмцээн уралдаанд оролцож чансаагаа өсгөх боломжтой.
Монголчууд Ази тивийн аварга боллоо. Одоо Дэлхийн аваргад оролцсоноор Олимп-д оролцох эрхээ авах уу?
- ААШТ манай багийг Олимп-д нэлээн ойртуулсан гэж бодож байна. Дэлхийн аваргийн шилдэг 32 баг байгаа. Эхний найм нь хамгийн өндөр оноотой улсууд ордог. Одоогоор манай улс 24-т бичигдэж байна. 2018 оны 6 сард Филиппиний Манила хотод ДАШТ зохион байгуулагдана. Амжилттай оролцож чансаагаа ахиулна л гэж үзнэ дээ.
Таны нэг өдрийн амьдралын хэмнэл хэрхэн өнгөрдөг вэ?
- Өглөө босоод ажилдаа явна. Ажлаа тараад бэлтгэлээ хийнэ. Орой гэртээ ядарч ороод нам унтана. Тамирчин хүнд чөлөөт цаг цөөхөн байдаг учраас эхнэр хүүхдэдээ хангалттай цаг зарцуулж чаддаггүй.
Таны үндсэн мэргэжил юу вэ?
- Санхүүч. Одоогоор “Төрийн банк”-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байна.
Таныг www.fiba.basketball сайтаас Азийн царайлаг сагсчдын тоонд багтааж хамгийн гоё үс засалттай залуу хэмээн онцолсон байсан?
- Үс засалтдаа анхаарал хандуулдаг маань үнэн. Анх 30, 40 минутыг үсээ хэлбэрт оруулахад зарцуулдаг байсан бол одоо 10 минут дотор янзалчихдаг болсон. Хамгийн гол нь сайн сэнсдэж, лак түрхдэг. Тоглолтын үеэр толгой руугаа бөмбөгөөр цохиулсан ч гэсэн үсний маань хэлбэр хэв маяг алдагддаггүй. Үүнийг би бусдаас ялгарах гэж биш, зүгээр л хувь хүний соёлдоо анхаарсны үүднээс л хийдэг. Энэ нь олон нийтэд таалагдсан бололтой.
Японы алдарт Tomoya Ochiai гэдэг царайлаг тамирчинтай таны нэр мөр зэрэгцэн явж байна. Үүнтэй холбогдуулан цахим ертөнцөд таны тухай ярих охидын тоо ч нэмэгдэж, хувийн амьдралыг тань сонирхох боллоо.
- Тийм үү. Би энэ талаар мэдээгүй. Миний хувьд эхнэртэй, ой гарантай хүүтэй. Тусдаа гараад хоёр жил болж байна. Эхнэр маань өнөөдрийн амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж боддог. Миний ар гэрийн асуудал бүрийг шийдэж, бэлтгэл сургуулилт хийх үед дэмжин тусалж хүүгээ өсгөж байгаа түүгээрээ бахархахгүй байхын аргагүй. Бид тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна.
Анх хэрхэн танилцаж байсан бэ? Сагсан бөмбөгтэй холбоотой юу?
- Миний амьдралын бүх л зүйл энэ спорттой холбоотой. Манай нэг сагсчин найз биднийг танилцуулж байсан юм. Тэгээд л бие биедээ таалагдаж, үерхэж нөхөрлөөд, нэг гэрт орсон доо.
Танд шантрах үе тохиолддог уу?
- Шантрах үе зөндөө л гардаг. Наад зах нь тэмцээн уралдаан дөхсөн үед өдрийн гурван удаа бэлтгэл хийнэ гэдэг хүнд шүү дээ. Энэ үед хүн болгон л шантардаг байх. Өглөө босоод цайгаа уучихаад уул руу гүйлтэд гарна, хүрч ирээд нэг цаг амраад өдрийн бэлтгэл, тэгээд оройн бэлтгэл. Бидний яриагаар, амиа хорлох гэж ярьдаг шугам сүлжиж явах дасгал, 24 секундэд бүтэн талбайг тойрч гүйх гэх мэт нарийвчилсан бэлтгэлүүдийг хийдэг.
Энэ үед өөрийгөө юу гэж хурцалдаг вэ?
- Бэлтгэлийн дундах амралтын үеэр дэрэн дээр толгойгоо тавиад нүдээ аних үед маш олон зүйл бодогддог. Үнэхээр их ядарч байгаагаа мэдэрч болимоор санагдах үе гарна. Энэ үед “Бусад бүх хүмүүс надтай ижил ядарч байгаа. Тийм учраас хичээх хэрэгтэй. Дуртай спортдоо амжилт үзүүлж, баг хамт олныхоо хичээл зүтгэлийн нэгээхэн хэсэг болж яваа надад шантрах эрх байхгүй, чи хичээх ёстой” гээд л өөртэйгөө ярьж өгнө. Ер нь тамирчин хүн дандаа л өөртэйгөө ярьдаг.
Энэ их хичээл зүтгэлийн үр дүнг талбай дээр амжилттай гаргах гэдэг чухал биз?
- Тэгэлгүй яахав. Маш өндөр бэлтгэлийг даагаад гарчихсан хүн шал өөр болдог. Сэтгэл зүй ч их сайн бэлтгэгдсэн байдаг. Өөртөө итгэлтэй, арга техник, ур чадвартай болдог гэх мэт.
Та ямар тамирчнаас үлгэр жишээ авдаг вэ?
- Монголоос гэвэл, хүүхэд байхдаа байрны ах нараа харж биширч өссөн. Лигт орсны дараа Харцага багийн төвийн тоглогч н.Одбаяр ахын дайчин тоглолт их таалагддаг, үлгэр жишээ авмаар санагддаг байсан. NBA-ийн тамирчдаас Lebron-ийг дэмждэг.
Таны өдөр тутамдаа баримталдаг зарчим?
- “Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд тууштай тэмцэгч байх хэрэгтэй” л гэж өөртөө сануулдаг. Манай багш С.Тулга “Хөдөлмөр хүнийг бүтээнэ” гэдэг. Одоо бодоход үүнийг мөн адил амьдралын зарчим болгодог юм уу даа.
Багш дасгалжуулагчийн талаар яривал?
- 2008 оны үед сагсан бөмбөг сонирхогч залуусын мөрөөдөл “ТЛЖ-13” багт тоглох байсан. Миний хувьд ч ялгаагүй энэ багт орж тоглохыг хүсдэг байлаа. Манай найз надаас өмнө энэ багт орчихсон учраас би ч гэсэн орох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Тэгээд нэг тэмцээн дээр тоглож байхыг минь С.Тулга дасгалжуулагч харсан юм билээ. Нэг их удалгүй найз маань ирээд “За багш чамайг маргаашнаас бэлтгэл дээр хүрээд ирээрэй гэсэн шүү” гэж хэлсэн. Тэгээд л бэлтгэл дээр нь 2008 онд анх удаа очсоноос хойш өнөөдрийг хүртэл энэ сайн дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.
Багш маань ямар ч хүнд чин сэтгэлээсээ хандаж чаддаг, асуудал гарах болгонд түүнийг маш хурдан зохицуулж чаддаг, сэргэлэн, тууштай, гайхалтай дайчин хүн. Хүнд байж болох бүхий л сайн чанарыг өөртөө агуулсан юм шиг санагддаг. Тэр ч утгаараа маш их хүндэлж явдаг. Өнөөдрийн амжилтыг багшгүйгээр төсөөлөх боломжгүй.
Би энэ спортоор 10 гаруй жил хичээллэхдээ ганц ч удаа бэлтгэлээ тасалж үзээгүй.
Багш минь хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлдээ хайхрамжгүй хандахыг зөвшөөрдөггүй. Түүний бидэнд хандаж хэлдэг үг бүр оновчтой, зөв байж чаддаг. Үргэлж л зөвлөгөө өгч, анхаарал халамжтай байдаг даа.
Та сагсан бөмбөгийн спортод хэд хүртлээ тоглох вэ?
- Намайг энэ спорт голон голтол тоглосоор л байх болно. Багш маань “Тамирчин хүн өөрөө өөрийгөө хэзээ ч голдоггүй юм” гэдгийг байнга хэлдэг.
Тоглолтын үед ямар зүйл хамгийн сайхан санагддаг вэ?
- Шидээд оруулах, амжилттай хамгаалах, төвд сайн тоглох гээд л бүгд амжилттай болсон тохиолдолд хожих итгэл илүү нэмэгдэж, багийнхаа болон өөрийн тоглолтыг мэдэрч эхлэх нь сайхан санагддаг. Гол нь ямар тоглолтоосоо, яаж үйлдэгдэж байгаагаасаа шалтгаалдаг. Гэхдээ миний хийх дуртай зүйл бол самбарт үсрэх.
Олон улсын тэмцээнд багагүй оролцож гадаадад тоглож байсан хүмүүс анх удаа нутгийн дэвжээнд тивийн тэмцээнийг зохион байгуулж оролцлоо шүү дээ. Сэтгэл зүй ч үүнийг дагаад өндөр байсан уу?
- Үгээр хэлшгүй сайхан. Манай хөгжөөн дэмжигчид ямар хүчирхэг байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Тэд байгаагүй бол бидний энэ амжилт байгаа ч уу? , үгүй ч үү?... Ялангуяа аваргын төлөө Австрали улсын багтай хийсэн тоглолтын үеэр цаг сунгагдах үед манай хөгжөөн дэмжигчид үнэхээр чин сэтгэлээсээ дэмжицгээсэн. Энэ дашрамд, биднийг дэмжсэн, бидний төлөө уухайлсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье.
Ази тивийн аварга болж цомоо гардан авч медалиа зүүсэн торгон мөчийг эргэн дурсвал?
- Гайхалтай л гэж хэлэх байна. Үгээр илэрхийлэхэд хэцүү, тийм их баяр хөөрийг мэдэрсэн. Багийнхаа, багшийнхаа ур чадварыг, биднийг дэмжин тусалсан бүх хүний хичээл зүтгэлийг тухайн үед илүү их мэдэрч тэднийхээ итгэлийг алдаагүй дээ баярлаж, урт гэгч нь амьсгаа авмаар санагдсан.
Та болон танай баг маш олон дэмжигчидтэй боллоо. Үүнийгээ дагаад та нарын үүрэг хариуцлага илүү нэмэгдсэн байх?
- Тэгэлгүй яахав. Маш олон хүмүүс харж байгаа. Бүх хүндлэл бидний хувьд хариуцлага болон хувирч байгаа. Үүнийгээ дагаад олон нийтийн газар биеэ зөв авч явах, хүнтэй зөв харьцах гэх мэт харилцааны соёлоо хүртэл дээшлүүлэх шаардлагатай болно. Энэ бол цэвэр үүрэг.
Хэр их шоуддаг вэ?
- Яахав, залуу хүн юм чинь гарах үе байна. Тэр нь цөөхөн юм даа. Оюутан байхдаа их гарч ордог байсан юм шиг байна. /Инээв/
Хэрэг төвөгт орооцолдоогүй биз дээ?
- Тийм зүйл байхгүй ээ. Спорт хүнийг тэвчээр хатуужилд сургадаг учраас хэрийн зүйлд нугарахааргүй л гэж боддог доо.
Сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрлийн ялгааг та тайлбарлаж өгөөч?
- 3х3 тал талбай дээр тоглодог. Хамгийн их ачаалалтай тоглолт болж өнгөрдөг. Хамгаалсан бол буцаад хурдтай довтолгоондоо орох шаардлагатай болдог. Довтолгооны 12 секундтэй, самбараас аваад 3-аас заавал тоглолтоо эхлүүлнэ. 3х3 гэдэг төрөл өөрөө хүнээс олон чадвар шаарддаг. 5х5 төрөлд холбогч бол холбогчоо, хамгаалагч бол хамгаалагчаа л хийдэг. Харин 3х3-т холбогч, хамгаалагч, төв гээд бүх л байрлал дээр тоглодог.
Бэлтгэл сургуулилтыг хэрхэн хийдэг вэ?
- Бидэнд бэлтгэлийн заал их хомс шүү дээ. Зуны улиралд “Хурд”-ын шитэн дээр өөрсдөө мөнгөө төлж бэлтгэлээ хийдэг.
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гэсэн хоёр холбоотой. Дотроо бас л зөрчилдөөнтэй байдаг. Учир шалтгаан нь юундаа байна?
- Сагсан бөмбөгийн спорт сүүлийн үед эрчимтэй хөгжсөн. Энэ нь Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой салшгүй холбоотой гэж боддог. Яахав, зарим нэг хүмүүс сагсны төлөө гэсэн сэтгэлтэй биш байгаад л учир байна гэж хардаг.
Тэгээд юуны төлөө байна гэж?
- Өөрсдийнхөө төлөө, хувь амьдралаа дээшлүүлэх сонирхолтой ч юм шиг. Одоо ер нь ард түмэн хэн нь юу хийж ажиллаж байгааг мэддэг болсон шүү дээ.
Уул нь холбоонууд нэгдээд үйл ажиллагаа явуулах юм бол илүү их амжилт гарах юм шиг санагддаг?
- Одоо ДАШТ биднийг хүлээж байна. Зөвхөн тамирчдын зүгээс бэлтгэл сургуулилт хийгээд явна гэдэг хэцүү. Сагсан бөмбөгтэй холбоотой хүмүүсийн туслалцаа, улс төрийн зүгээс дэмжиж байж амжилт үзүүлэх боломж бүрдэнэ. Дотроо зөрчилдөнө гэдэг гадагшаа гараад сул байхын шинж мэт санагдах үе бий.
Та нарын хувьд олон улсын тэмцээнүүдэд багагүй оролцдог. Энэ болгонд зардал мөнгөнөөс эхлээд асуудал үүсдэг. Хэрхэн шийдвэрлэдэг вэ?
- Хэцүү шүү дээ. Бид олон улсын тэмцээнүүдэд гадаад руу явж оролцохдоо гоймон идээд л сууж байдаг. Онгоцны буудал дээр нислэгийн зөрүүнээс болж хонох тохиолдол зөндөө байна. Эхний хэдэн тэмцээндээ хамаатан садангаасаа мөнгө төгрөг цуглуулаад явчихдаг байсан. Сүүлдээ ч тэгээд аргаа барах үе бий. Ядрах өлсөх гэдэг зүйлийг мэдрэх шиг болно. Хүн чинь зураг даруулахдаа муухай гарчихъя гэж бодохгүй шүү дээ. Инээгээд л зургаа оруулна. Хүмүүс “аа ёстой гоё, гадаадад зугаалаад, аялаад” гэж бодно. Үнэн бодит байдал бол огт мөнгөгүй яваа хүсэл мөрөөдөлтэй тамирчид л байгаа юм л даа. Хүмүүс яваад ирэхээр “юу авчирсан бэ?” гэж асууна. Хүнд бэлэг авчрах байтугай, өөрсдөө бор зүрхээрээ явж байгаад л ирдэг. Холбооны зүгээс бас дэмждэг. Багш “Та нар ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийж байгаа шүү” гэж хэлдэг. Бид нар энэ болгоныг асуудал гэж харалгүй өнөөдрийг хүртэл яваад ирлээ.
Сагсан бөмбөгийн тамирчин байхын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
- Сагсан бөмбөг бол нэр хүндтэй спорт. Олон сайхан тал бий. Хувь хүний төлөвшилд сайнаар нөлөөлнө, найз нөхдийн хүрээлэл тэлнэ, бусдын хүндлэлийг хүлээнэ, итгэлийг даана гээд л...
Ярилцсанд баярлалаа.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
Хамтран ажилласан: Urguu2 "Саffe benne"
гайхалтай хөдөлмөрч юмаа
энэ залуу мундаг байхын хувьд мундаг байсан. Тэгэхдээ бүх шагналыг Дөлгөөнд өгөөд байсан тэгж туульширч болохгүй ээ. Багийн спорт бол багийн л ажиллагаа ядаж өөр нэг хүн урамшуулсан бол гэж харж байлаа
MONGOLCHUUD MINI ASHGUI DEE, URAGSHAA. BID CHADNA AA, BAS YALNA AA. MONGOL GEJ YAMAR UNDESTEN BAISNIIG DELXIID XARUULNA. DELXIIN OLON ULSIIN DALBAA TA NARIIN MINI UMNU BUXIIX BOLTUGAI!!!
Daruuhan tsarailag hudulmurch zaluu bn
Амжилт амжилт бас дахин амжилт.
хэхэхэ зөв дажгүй төрхтэй л юм бна шүүдээ
Энэ хүүрийн царайлаг гэж юу байна аа? Онигоо
Амжилт хүсье!
Saihan yriltslaga boljee. Amjilt hvsie.
Saihan yariltslaga bolson baina. Mundag saihan setgeltei, hudulmurch zaluu bna. Amjilt husie!