Монгол Улс Австрали улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн түүхт ой тохиож буйтай давхцан, “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт-2017” (IMARC Conference) тус улсын Мелбурн хотод 10 дугаар сарын 25-наас энэ сарын хоёрны өдрүүдэд боллоо. Чуулга уулзалтад УИХ-гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав тэрүүтэй төлөөлөгчид уригдан, Канберра, Мелбурн хотуудад ажилласан байна. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХХК, “Түмэнтөмөрт” ХХК зэрэг үндэсний хувийн хэвшлийн 20 гаруй Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчид оролцож, Австралийн компаниудтай хамтран ажиллах боломжийг судалжээ.
Энэ удаагийн “Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC)-2017”-д 70 гаруй орны уул уурхайн сайд, Засгийн газар, уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, туршлага, мэдлэг, мэдээлэл солилцож, хамтран ажиллах яриа, хэлэлцээрүүд өрнүүлсэн байна.
Австрали улсад хийсэн айлчлалын эхний өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Гадаад Хэргийн сайд Жули Бишоптой уулзаж, хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Энэ үеэр Австрали Улсын Засгийн газраас Монгол Улсын уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын хөгжилд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн дэмжлэг үзүүлж байгаад Монголын талын төлөөлөгчид талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа хэлжээ.
Мөн Монголын талын төлөөлөгчид Австралийн Гео Шинжлэх Ухааны Байгууллага /Геологийн алба/-ын үйл ажиллагаатай танилцлаа. Экспортын бүтээгдэхүүний 50 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлж, 220.000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг тус улсын эрчим хүч, эрдэс баялгийн салбарын нөөцийг нэмэгдүүлэхэд геологийн мэдээллийг нэгтгэх, боловсруулах, илэрц бүхий газруудыг тодорхойлон хэтийн төлөв бүхий хайгуулын талбайг ялгах, хөрөнгө оруулагчид, хайгуулын компаниудыг найдвартай мэдээллээр хангах нь тус байгууллагын үндсэн үүрэг аж.
Геологийн албаны үйл ажиллагаатай танилцсаны дараа Австрали-Монголын хоёр талын харилцаа, уул уурхайн салбарын Австралийн эдийн засаг, экспортод оруулж буй хувь нэмэр, төрийн сан хөмрөг, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага зэрэг сэдвээр Австралийн холбогдох яамны удирдлагууд мэдээлэл хийж, Монголын төлөөлөгчидтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
“IMARC Conference”-ийн үеэр болсон онцлох үйл явдлуудын нэг нь Мелбурн хотноо 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, Дэд сайд Д.Загджав, УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Пүрэвдорж нар хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хууль эрх зүй, улс төр, татвар, санхүү, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа “Занаду”, “Эрдэнэ ресурс” зэрэг хайгуулын компаниуд хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар танилцуулга хийв.
Мөн энэ үеэр Монголын үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, Монгол Улсын гео-мэдээллийн сангийн хүртээмжийг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор Австрали Улсын тусламжаар хэрэгжиж буй “Мон Гео Кат” төслийн талаар болон хөрөнгө оруулагчдад зориулсан гарын авлага, хувийн хэвшлийн байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр хөрөнгө оруулагчид шинээр боловсруулагдаж буй “Уул уурхайн тухай хууль”, алтны нөөц ашигласны төлбөр, “Алт-2” хөтөлбөр, шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлогын талаар сонирхон асууж байлаа.
Түүнчлэн 10 дугаар сарын 30-нд 70 гаруй хөрөнгө оруулагчид, гадаад, дотоодын уул уурхайн салбарын бизнес эрхлэгчид оролцсон Mongolia@IMARC-2017 бизнес форумыг зохион байгуулав. Форумын үеэр уул уурхайн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, эрх зүйн орчны шинэчлэл, геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн байдлын талаар УУХҮ-ийн Дэд сайд Д.Загджав болон УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Пүрэвдорж, АМГТГ-ын ахлах мэргэжилтэн Н.Мөнхбилэг, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хайгуулын компаниуд дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ