Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Удирдлагын академи, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TIKA)-ийн хамтран зохион байгуулж буй “Хатуу хог хаягдлын менежмент” сургалт энэ сарын 21-24 хооронд Удирдлагын академийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтаар Истанбул хотын Захиргааны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерүүд Ахмет Эмин Илдирим, Хакки Сари, Ирже Дидем Карабиек нар Истанбул хотын хог хаягдлын менежментийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, туршлага хуваалцахын зэрэгцээ дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн хөгжил, хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж өнгөрсөн юм.
“Хатуу хог хаягдлын менежмент” сургалтад ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ийн төлөөлөгч нийт 55 хүн оролцсон байна. Нийт 4 өдрийн 32 цагийн уг сургалтад оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250