...
...

Хамтарсан Ажлын хэсэг БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа

Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2017 оны 12/28 дугаар тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Ч.Амарболд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрээр, тус Консулын газарт 2017 онд 378, 2016 онд 368, 2015 онд 342 өргөдөл, гомдол ирүүлсэн, үүнээс биеэ үнэлсэн, хар тамхи татсан, хүний наймааны хохирогч болсон, бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан, гээгдүүлсэн, бэлэн мөнгөө хураалгасан, зодуулсан, нас барсан зэрэг өргөдөл, гомдол дийлэнхийг эзэлж байгааг дурдав. Монгол иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Эрээн хотын Засаг захиргаа, хуулийн байгууллагыханд хүсэлт гаргаж, хамтарч ажилласнаар нэн тэргүүнд монгол эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоог бууруулж, хяналтыг чангатгаж чадсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэдэд хуулийн зөвлөлгөө өгдөг төв байгуулбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нэн ач холбогдолтой гэлээ.

 

 

УИХ-ын гишүүн, хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрч чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж буй энэ үед тус Ажлын хэсэг сар орчмын хугацаанд дээрх дөрвөн хуулиудын хэрэгжилт дээр ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Түүнчлэн нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалд 2018 онд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг Ажлын хэсэг таван тэрбум төгрөгөөр батлуулж чадсан. Энэ ажлыг зөвхөн төр дангаараа бус төрийн бус байгууллагууд болоод хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг Консул Ч.Амарболдтой уулзах үеэр онцоллоо.

 

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Оюундарь Эрээн хотын Намын дарга Тиан Юүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд хил дамнасан гэмт хэргийг саармагжуулах, мөн Замын-Үүд, Эрээн хотын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмолжуулах болон бусад сонирхсон асуудлаар санал солилцож ярилцлаа. Уулзалтад Эрээн хотын Засаг дарга Лиү Жыпин, орлогч дарга Дү Дэшинь, Эрээн хотын Намын хорооны Нарийн бичгийн дарга Юань Рүйдүн, хотын НАХГ-ыг дарга н.Зүрх, хотын Хууль зүйн газрын дарга Бао Юймэй, хотын Үйлдвэр худалдааны удирдлага ба хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Юй Хүнли, хотын Иргэний худалдааны бүсийн захирагчийн албаны дарга н.Хасхүү, хотын Боловсролын дарга Түн Жинлин, хотын Гадаад харилцааны газрын дарга н.Улаанхуар, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул Г.Төмөрбаатар, дэд консул Д.Болд болон бусад албаны хүмүүс оролцов.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн байдалтай танилцахаар Ажлын хэсэг үргэлжлүүлэн Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хотын 1-р дунд сургууль /Эрээн хотын олон улсын хэлний сургууль/-ийн удирдлагуудтай уулзаж, хүүхдийн сурах орчин, анги танхим болон хүүхдийн дотуур байрыг үзэж сонирхов. Тус сургууль нь 2006 онд байгуулагдсан ба 1600 гаруй сурагчтай, нийт 1700 мянган мкв талбайд 26 барилга байгууламж баригдсан бөгөөд Монгол Улс болон ОХУ-ын боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөдрийн байдлаар бага, дунд, ахлах бүлэгт нийт 350 орчим монгол хүүхэд суралцаж байна.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Дорноговь аймагт ажиллаж, Замын-Үүд сум дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсов. Дараа нь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017.11.02-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх эмэгтэй хүүхэд хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл хийж, эрэн хайх болон мөрдөн байцаалтын чиглэлээр танилцуулга хийв. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Тэрээр, эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах “Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээлээ.

 

Ийнхүү гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг ойрын хугацаанд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хамруулсан томоохон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

 
 
 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Ч.Амарболд консулд амжилт хүсье.танд яам болон ард иргэд маш их итгэж хариуцлага хүлээлгэж байгаа шүү.та урдах консулуудын бузар буруу булхай одоо байгаа дэд консулуудынхаа хууль бус үйлдэл.танхайрал болон гадаад иргэдээс хээл хахууль залиланг таслан зогсоож монгол улсын нэр хүндийг өндөрт өргөн зөв зохист горимонд нь оруулна гэдэгт яамны зүгээс итгэж байгааг илэрхиилье.

Онцлох мэдээ