...
...

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байна

“Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын  “Блумберг Филантропи”-ийн үүсгэн байгуулсан “Vital Strategies” багын олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл  хариуцсан дарга Ирина Морожоватай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл  мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Э.Дагиймаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын  орлогч дарга О.Баяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Гадаад Харилцаа Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн А.Отгонтуяа, ХӨСҮТ-ийн Стреам судалгааны үндэсний зохицуулагч Ц.Базаррагчаа болон бусад албаныхан холбогдож холбогдох асуудлын талаар ярилцав.

Тэд суудлын даруулга хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн хэрэгсэл ашиглан хэвлэл мэдээлэл болон ТV сурталчилгааг хийх төлөвлөгөө гаргав. Тус хурлаас бэлтгэл байдалтай холбогдуулан ажлын хэсэгт өөрчлөлт оруулан төлөвлөгөөг сайтар боловсруулах зорилгоор уулзалтын товыг тогтоох, ажлын явцыг ажлын хэсэг тогтмол хамтран төлөвлөх зэрэг шийдвэрийг мөн гаргалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санаачилгаар халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д Улаанбаатар хот 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр  нэгдсэн билээ.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл юм. Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 1990 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол, 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт орж байна.  

Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.

Зам тээврийн ослын үед учрах гэмтлээс сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай юм. 2010 онд Монголын мянганы сорилтын сан-Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан аж.

Тиймээс НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтарч  ард иргэдэд зөв хэвшлийг бий болгоход  хамтарч ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ