...
...

Б.Цогтбаатар: Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил явагдаж байна

Улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажил энэ сарын 1-ээс эхлэн явагдаж байна. Энэ талаар нийслэлийн Татварын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын улсын байцаагч Б.Цогтбаатартай ярилцлаа.


Энэ удаагийн татвар төлөгчийн тооллогын талаар мэдээлэл өгнө үү?

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр тушаалаар баталсан удирдамжийн дагуу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын хэмжээнд тооллогын ажил явагдаж байна. Энэ удаагийн тооллогын онцлог нь нутаг дэвсгэрийн зарчмаар үйл ажиллагаа эрхлэж буй цэг бүрийг тоолж байгаагаараа онцлогтой. Цаашид тооллогын явцад цуглуулсан судалгаа, мэдээллээ ашиглан татвар төлөгчийн программ хангамжийг сайжруулах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн байршил болон хуулийн хэрэгжилтийг тодорхойлох, татвар төлөгчийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Татвар төлөгчийн тооллогын ажил Нийслэлийн хэмжээнд ямар шатандаа явагдаж байгаа вэ?

Нийслэлийн хэмжээнд дуусах шатандаа явагдаж байна.

Тооллогын хамрах хүрээний талаар?

Татварын албанд бүртгэлтэй, бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч хувь хүн бүх төрлийн хуулийн этгээд хамаарахаас гадна төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг тооллогод хамруулж байгаа. Тухайлбал: Төвлөрсөн зах, худалдаа, үйлчилгээний төв, ХХК, төрийн бус байгууллага гэх мэт.

Ямар ямар хуулийн хүрээнд энэ ажил хийгдаж байгаа вэ?

Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хууль зэрэг хуулийн хүрээнд хийгдэж байгаа.

Улаанбаатарт бизнесийн зориулалттай шинээр олон барилга байгаа эдгээр барилгыг татварын баазад хэрхэн бүртгэдэг вэ?

Бизнесийн зориулалттай болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа барилга байгууламжийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу бүртгэдэг. Тооллогын явцад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн обьектыг фото зургаар нэг бүрийг зурагжуулан авч, татварын албаны цахим мэдээллийн санд оруулах ажил давхар хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд хэдэн байцаагч ажиллаж байна вэ?

Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн 559 татварын улсын байцаагч уртасгасан цагаар ажиллаж байна.

 

Тооллогын явцад ихэвчлэн ямар зөрчлүүд илэрч байна вэ?

Аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай баримт бичиг ажлын байран дээр байдаггүй, бүрэн бүрдүүлээгүй асуудал их байна. Мөн үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлээгүй, мэдээллээ шинэчлээгүй, худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь өмнөх эзэмшигчийн татварын дутуу үлдэгдэлтэй, тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрч байна. Хэрэв шинээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах эсвэл бэлгэнд авсан иргэд, аж ахуйн нэгжүүд 20 хоногийн дотор харьяа дүүргийнхээ татварын албанд мэдэгдэж, бүртгүүлэх ёстой байдаг. Мөн Тусгай зөвшөөрлийн тухай хуулинд зааснаар тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Харин зарим аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэй нь хамт түрээслэсэн тохиолдлууд илэрч байна. Тиймээс тооллогын явцад илэрсэн тусгай зөвшөөрлийн зөрчлийг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх арга хэмжээг авна. Түүнчлэн тодорхой ажлын байргүй, үйл ажиллагаа явуулдаг, Х тайлан өгдөг татвар төлөгч нар энэ тооллогод хамрагдахгүй.

Төлбөрийн баримт олгоогүй, буруу дүнтэй, стандартын шаардлага хангаагүй төлбөрийн баримт хэвлэгч машинтай, нэгдсэн системд мэдээллээ илгээгээгүй зэрэг нийтлэг зөрчил байна. Эдгээр зөрчлүүдэд тухай бүр холбогдох арга хэмжээг авч байна.

Аж ахуйн нэгж, хувь хүн мэдээллээ хэрхэн шинэчлэх вэ?

Одоогийн мөрдөгдөж байгаа хууль болох Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын татвар төлөгчийг бүртгэх журамд татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд нь хувийн хэргийн материалдаа нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайд этгээд өөрөө харьяа дүүргийн татварын албандаа өөрчлөлтөө хийлгэхээр заасан байдаг. Цаашлаад цахим системд шилжсэн тохиолдолд цахимаар бүртгүүлэх боломжтой болно. Мөн манай улсын татварын тогтолцоонд татвар төлөгчдөд өөрт нь татварын тайлан мэдээ, татвар ногдох зүйлээ өөрөө тодорхойлох эрх нь байдаг. Мөн үүнийг дагаад хуулиар хүлээсэн үүрэг нь ч дагалдаж байдаг.

Тооллого хийж байгаа байцаагч нар ямар нэгэн програм хангамж ашигладаг уу?

Татварын албаны бүх байцаагч нарын гар утсан дээр tax inspector аппликейшн суусан байгаа.  Тус програмаар тооллого хийх явцдаа тухайн иргэн, аж ахуйн нэгжийн бүх мэдээлийг авах боломжтой байдаг. Энэ аппликейшныг зөвхөн татварын албаны хэмжээнд ашигладаг.

Тухайн татвар төлөгчийн тайлан болон худалдан авсан иргэдийн төлбөрийн баримтын мэдээлэл хоёр тооцооллын хувьд нийлж байх ёстой. Тиймээс байгууллага бүр төлбөрийн баримт хэвлэж өгөх үүрэгтэй гэсэн үг. Хэвлээгүй тохиолдолд орлогоо нууж, татвар төлөхөөс зайлсхийж байна гэж үзнэ.

Татвар төлөгчийн тооллогод хамрагдахад ямар баримтууд бүрдүүлэх ёстой вэ?

Татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараах бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан хамтран ажиллахыг хүсч байна.

Үүнд:

Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд:

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
Удирдлагын иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

Хувь хүний хувьд:

Иргэний үнэмлэх
Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • ажлын байр эсхүл лангуу түрээслэж ашиг олж байгаа хүмүүсээс татварыг шударгаар авч баймаар байна. Тэд НӨАТ-ын татвар төлдөггүй, татвараа ч үнэн зөвөөр тайлагнаж төлөхгүй байна ш дээ. Жишээ нь 3-р хороололд байх Боззоло гэж нэг дэлгүүр байна. Тэр дэлгүүр өдөрт хэдэн сая төгрөгийн ашиг олж байгаа хэрнээ НӨАТ-ын тасалбар өгдөггүй, тэр дэлгүүрийг хариуцсан ТУБайцаагч юу хийж байдаг сул цалинтан байдаг юм болоо гэж бодохоор харагддаг шүү.

Онцлох мэдээ