...
...

Экс ерөнхий сайдууд Ц.Цогзолмаагийн бодлогыг дэмжжээ

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа 2018 онд хэрэгжүүлэх ажил, цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт ямар бодлого барьж ажиллахаа тайлагнасан дэлгэрэнгүй ярилцлага “Өдрийн сонин”-д өгчээ. Тэрбээр боловсролын салбарт системийг нь өөрчлөх гэж савчуулахгүй, харин багшийн ажлын үнэлгээг нэмэгдүүлэх, сургалтын чанар, агуулгыг дээшлүүлэх,  дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн аж. Тухайлбал, уг ярилцлагадаа “Багш нарын цалин нэмэгдүүлэх болон бусад асуудлыг  хойш тавьж болохгүй. Боловсролын салбарын хүндийг багш нар үүрч ирсэн юм шүү дээ. Сүүлийн 20 гаруй жил багш нарын хөдөлмөрийг шударгаар үнэлэх сайн систем байсангүй.  Тийм болохоор багшийн ажлыг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх, багш нараа сургах, үнэлгээний систем нэвтрүүлэх, сургалтын орчныг сайжруулах, сурах бичгийн асуудлыг оновчтой шийдэх, гурван ээлжээр хичээлүүлэхгүй байх, нэг багшид ногдох хүүхдийн тоог бууруулах гээд олон талаас нь судалж, ерөнхий зураглал гаргаж байгаа. Сайн багшаас сайн сурагч төрнө гэсэн зарчмыг үндэслэн үнэлгээний шинэ журмыг боловсруулж байгаа” гэжээ. 

Салбарын сайдын ийм бодлого хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нар дэмжиж, боловсролын салбарт сүүлийн 20 жилд хаягдсан, хийх ёстой алхам гэж үзсэн гэнэ. Энэ талаар Р.Амаржаргал “Үндэсний шуудан” сонинд /http://ipost.mn/content/read/1446/ өгсөн ярилцлагадаа “Боловсролын салбарт үнэлгээг бий болгох хэрэгтэй. Дээр нь, дэлхийн хөгжлийг дагаад багшийн үүрэг техник технологитой маш их уялдаж байна. Энэ төвшинд багш нараа бэлтгэх хэрэгтэй” гэж онцолжээ. Харин Д.Бямбасүрэн гуай zaluu.com /http://www.zaluu.com/readb/1be68a53g/ сайтад өгсөн ярилцлагадаа “Багш нарыг чадвараар нь үнэлэх аргачлалгүй болчихсон. Ур чадвараа ахиулаад шалгалт өгөх эрх нь нээлттэй байдаг бол багш нар цалингийн асуудал  гаргахгүй шүү дээ. Ингэж багшийн цалинг хавтгайруулж өгдөгийг өөрчлөх хэрэгтэй. Үнэлгээний систем нэвтрүүлбэл хэн чадвартай нь илүү урамшуулал, цалин авна. Ингээд ирэхээр багш нар мэдлэг, ур чадвар, хүүхдийг хөгжүүлэх чиглэлд илт мэрийлт гаргана, шинэ санаачлага нэвтрүүлнэ, заах арга зүйдээ аль болох анхаарна” гэжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ