...
...

Таны үйлийн сэдэл ямар байхаас үр дагавар нь хамаарна

Зургаан найруулагч үйлийн үр сэдвээр тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэг цогц бүтээл дор нэгдсэн билээ. 

Тун удахгүй дэлгэцнээ гарах тус төсөлд найруулагч Ч.Батбаяр, Б.Ганболд, Ч.Ганзориг, Ш.Доржсүрэн, П.Дэлгэрбаяр, Б.Чингүүн нар нэгдсэн  бөгөөд тэд киноны төрөл бүрийн жанруудаас сугалж бүтээлээ туурвисан юм.

Тэгвэл үйлийн үр гэж юу вэ? Үнэхээр байдаг уу? Шашин шүтлэгт энэ талаар хэрхэн зааж сургадаг вэ?

Энэ талаар уншигч танд ойлголт өгөх зорилгоор Монгол дахь Буддын, Христосын, Исламын, Бөөгийн шашны төлөөллүүдээс ярилцлага авснаа цувралаар хүргэж байна. 

Тэдэнтэй ярилцаж суухад аль ч шашны сургаальд сайн, муу, зөв, буруу үйл болгоноос гарах үр дагаврыг үйлийн үр гэх бөгөөд таны аж амьдрал хэрхэн явах нь таны үйл хэргээс шууд хамааралтай гэсэн НЭГ Л ДҮГНЭЛТЭД хүрээд байгаа билээ. 

Хүн өөрт тохиолдсон аливаа муу үйлийн шалтгааныг буруу зүгээс биш өөрөөсөө хайх хэрэгтэй. 

Гуравдугаар номын хүрдэн ТББ-ын менежер Б.Амаржаргал:

Зовлонгоос ангижрахын тулд үйлийн үрийн мөн чанарын ойлголтыг өгдөг. Задлаад яривал үйлийн үр асар том ойлголт. Хүн эхийн умайд тогтож байгаа тэр эгшнээс үхэн үхтлээ үйлийн үртэй холбогддог.

Хүн аливаа үйлийг бие, хэл, сэтгэлээр гүйцэлдүүлж хийдэг. Санамсаргүй болон санаатайгаар хийсэн муу үйл хожим муу үр дагавартай, жаахан ч атугай сайн үйлийн үр дагавар ирээдүйд маш том буян болох үндэстэй.

Хүн өөрт тохиолдсон аливаа муу үйлийн шалтгааныг буруу зүгээс биш өөрөөсөө хайх хэрэгтэй. Аливаа санаатай болон санаандгүй хийсэн муу үйл, нүглийг наманчилж арилгаж болно. Тиймийн тулд ихээр харамссан байх, дахиж тэр үйлийг хийхгүй гэж гэмших, амьдрал дээр хэрэгжүүлж, дахиж тэр үйлийг хийхгүй гэсэн наманчлалыг өөртөө байнга хадгалж байх хэрэгтэй. Энэ тохиолдолд тэр хүнийг нүгэл хилэнц нимгэрэх буюу арилах боломжтой гэж үздэг.

Үйлийн үр маш нарийн ойлголт.  Тэр хүн тийм үйл хийгээд тэгнэ дээ гэж дүгнэх хэцүү. Одоогоос 2500 жилийн өмнө их алт эрдэнэс тээвэрлэсэн 500 хүнтэй усан онгоцонд нэгэн бодьсадва явж байжээ. Тэнд нэгэн муу сэтгэлтэй хүн байсан бөгөөд 500 хүнийг алчихвал энэ бүх хөрөнгө минийх болох нь хэмээн тэднийг алахаар шийдэв.

Гэтэл үйлийн үрд их итгэдэг байсан бодьсадва түүний муу сэтгэлийг мэдчихээд "Энэ хүн 500 хүнийг алчихвал нүгэл нь дийлж баршгүй хүнд юм. Там руу яваад их зовох нь. Тиймээс зовлон зүдгүүрээс нь салгаж, 500 хүний амийг ч бас аваръя" гээд муу сэтгэлт хүнийг түрүүлээд хөндчихөж. Тэгтэл бодьсадвад архадын сэтгэл төрөөд бурхны хутгийг олжээ.

Үүнтэй яг ижил үйл явдал эмэгтэй анид тохиолдоно. Өмнө нь нэг бодьсадва ийм үйл хураасныг сонссон тул мөн адил муу сэтгэлт хүнийг хөндчихөж л дээ. Гэтэл ани там руу явсан. 

Бодьсадва бурхны хутгийг олсон бол ани ижил үйл хийсэн ч анх төрсөн сэдлээсээ болоод там руу явсан. Өөрт нь магадгүй бодьсадва шиг архадын сэтгэл төрнө гэж бодсон байж магадгүй. Үүний ялгамжаагаар үйлийн үрийн нарийн зүйл нь сэдэлдээ байдаг гэдгийг тайлбарладаг. 

Эрдэнийн эрхи номд

"Буруу дадлаас зовлон бүхэн бусармаг муу заяа ч эхтэй
Зөв дадлаас сайн бүхэн зол жаргалын төрөл ч эхтэй"

Мөн

"Багахан төдий муу үйл хойд насанд аюул дуудна
Балга төдий хор долооход хамаг биеийг үхүүлэхийн адил
Ялихгүй ч гэсэн гавьяат үйл хойд  насанд жаргал дуудаж
Ялимгүй жижигхэн үр суулгаад арвин ургац хураахтай адил" гэж хэлсэн байдаг.

Бурхан багшийн сургаалд миний хийсэн үйлийн үрийг миний хүүхдүүд үүрэх ямар ч боломжгүй гэдгийг заасан. Учир нь би хийсэн үйлийн үрээ дангаараа үүрэх болохоос миний үр хүүхэд , гэр бүл  ямар ч хамааралгүй  гэдэг. Гэхдээ урд төрөлд  бид цугтаа бас нэгэн үйлийг хураасан байх магадлалтай. Тэрний үйлийн үрээр бид энэ төрөлдөө үр хүүхэд маань болоод нэг дор амьдарч байхад өмнөх үйлийг давхар эдэлж болно. Онолын үүднээс ямар ч үйл хийсэн тэр үйлийг тухайн хүн өөрөө л эдэлнэ.

10 хар нүгэл

Биеэр үйлдэх 3 нүгэл:
Амьтны амь таслах
Хулгай хийх (эс өгснийг авах)
Ариун бус явдал

Хэлээр үйлдэх 4 нүгэл:
Худал ярих
Хов өгүүлэх
Ширүүн үг өгүүлэх
Дэмий чалчих

Сэтгэлээр үйлдэх 3 нүгэл:
Хүсэл шунал
Хорон сэтгэл
Буруу үзэл

Христосын шашны төлөөлөл Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн тэргүүн О.Одгэрэлийн ярилцлагыг арванхоёрдугаар сарын 25 буюу ирэх даваа гарагийн 09:00 цагт хүргэнэ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ