Эндрю Флиндерс Тэйлор гэгч нэгэн эр зөвхөн төмс идэж жингээ хасна гэж өнгөрсөн онд Фэйсбүүктээ бичихэд олон хүн түүнийг галзуу гэж байжээ. Гэсэн ч Тэйлор тэсвэр тэвчээр гаргаж зорилгоо биелүүлсэн төдийгүй нэг жилийн хугацаанд 50 кг гаруй жин хаясан тухай Independent сайт мэдээллээ.
Тэрбээр төмснөөс өөрт хэрэгтэй бүх аминдэм, эрдэс бодисыг авч чадна гэж тооцоолсон байна. Тодруулбал, дан төмсөн хоол нь түүний өдөрт хэрэгтэй төмрийг 600 хувь, С витаминыг 400 хувиар хангаж байжээ. Эдгээр нь жилийн өмнө түүнд дутагдалтай байсан аж.
Гэхдээ Тэйлор кальциа хангалттай нөхөж чадахгүй гэж санаа зовж байсан бол нухсан төмсөндөө кальциар баяжуулсан, органик эрдэнэ шишийн сүү хийдэг байсан гэнэ.
Түүнчлэн зөвхөн цагаан төмс идвэл аминдэмийн дутагдалд орох тул өдрийн таван удаагийн хооллолтынхоо нэгд нь амтат төмс иддэг байсан аж. Энэ нь витамин А, Е, С-гээр баялаг юм.
Энэхүү дэглэм нь зөвхөн Тэйлорын биеийн онцлогт тохирсон бөгөөд эмч, хоол зүйчийн хяналтан дор барьсан гэдгийг анхааруулъя. Харин бусад хүмүүст ийм хязгаарлагдмал хүнстэй дэглэмийг барихгүй байхыг ихэнх эмч, хоол зүйч нар зөвлөж байна. Хүн эрүүл байя гэвэл уураг, нүүрс усаар баялаг хүнсний ногоо, жимс, үр тариа, өөх тосыг өдөр тутамдаа идэх хэрэгтэй.
Тэйлор дэглэмийн хоёр дахь сараас дасгал хийж эхэлсэн бөгөөд өдөрт 90 мин дугуй унадаг байжээ.
Энэ бүхний дараа Тэйлор жин хасаад зогсохгүй эрүүл мэндийн байдал нь сайжирсан аж. Түүний цусан дахь холестерины хэмжээ, цусны даралт нь буурчээ. Гэхдээ Тэйлорын идэж буй хүнсийг боловсруулахад тийм ч их энерги зарцуулахгүй тул цусны даралт буурах нь гарцаагүй гэдгийг зарим эмч нар хэлсэн байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Independent
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250