Та ямар түвшинд, ямар чиглэлээр суралцахаас шалтгаалан юу гэдэг шалгалт өгөх ёстой вэ, тэр шалгалт нь ямар онцлогтой вэ гэдгийг бид өнөөдөр танилцуулцуулж байна.
SAT
SAT гэж юу вэ: Бакалаврын боловсрол олохоор дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчдийн унших, бичих чадвар болон математикийн мэдлэгийг шалгадаг.
Зорилго: АНУ, Канад болон зарим улсындийлэнх их, дээд сургуулиуд энэ шалгалтаар бакалаврын оюутан элсүүлдэг.
Хамрагдагсдын тоо: 175 орны 2 сая гаруй оюутан жил бүр SAT шалгалтыг өгдөг.
Онооны хүчинтэй хугацаа: 5 жил
Эрмэлзэх оноо: Оюутнууд 1400/1600 оноо авч чадвал АНУ-ын тэргүүлэх коллежуудыг элсэх боломж бүрддэг.
"SAT бол карма хэрхэн ажилладгыг харуулдаг төгс жишээ юм. Чи хэр их бэлдсэн байна түүндээ л таарах оноог авна. Тийм ч учраас шалгалтаа өгсний дараа бүх юм сайхан болохын төлөө залбирах л үлдэж байгаа юм. Чиний SAT-ын оноо чамайг илэрхийлэхгүй гэдгийг сайн санаарай. Гэхдээ чиний өргөдөлд чухал нөлөөтэй учир сайн оноо авахын төлөө хичээх нь бас чухал шүү."
- Аратрика Бөүс, Pathways International-ын сурагч
TOEFL
TOEFL гэж юу вэ: TOEFL нь хүний англи хэлний ерөнхий мэдлэг зориулалттай стандарт шалгалт юм.
Зорилго: Ихэнхдээ гадаадын их дээд сургуульд суралцахыг хүсэж буй унаган англи хэлгүй хүмүүс өгдөг. Зарим улсын цагаачлалын алба нь уг шалгалтын оноог харгалзан оршин суух, ажиллах виз олгох нь бий.
Хамрах хүрээ: 130 орчим орны 9000 гаруй их дээд сургууль TOEFL-ийн оноог хүлээн зөвшөөрдөг. Үүнд АНУ-ын топ 100 их сургууль ч багтана. Жилд дэлхий даяар 27 орчим сая хүн энэ шалгалтыг өгдөг.
Онооны хүчинтэй хугацаа: 2 жил
Эрмэлзэх оноо: Хамгийн багадаа 80/120 оноо авч байж АНУ-ын сургуулиудруу өргөдлөө явуулах боломж бүрдэнэ. Тэргүүлэх коллежуудад орохыг хүсч байгаа бол 100+/120 оноотой байх хэрэгтэй.
“Энэ бол академик орчинд оюутанд шаардлагатай англи хэлний мэдлэгийг шалгах хамгийн оновчтой шалгалт юм."
- Прамай Рай, Эдинбургийн Их Сургууль
IELTS
IELTS гэж юу вэ: IELTS нь TOEFL-ийн адилаар хүмүүсийн англи хэлний чадварыг хэмжих стандарт тест юм.
Зорилго: Англи хэл харилцааны гол хэл нь байдаг улс орнуудад сурч, ажиллахын тулд өгдөг. Австрали, Канад, Нью Зеланд, Их Британи зэрэг улсууд уг шалгалтыг цагаачлалын материал дүгнэхдээ ашигладаг. IELTS нь Их Британийн засгийн газрын Англи хэлний баталгаат шалгалт (SELTs) гэж тооцдог хоёрхон шалгалтын нэг нь юм.
Хамрах хүрээ: IELTS нь дэлхий дахинаа 9000 гаруй байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнд боловсролын институтууд, ажил олгогчид, засгийн газрууд, цагаачлалын албууд багтана. Жилд 2 сая гаруй хүн энэ шалгалтыг өгдөг.
Онооны хүчинтэй хугацаа: 2 жил
Эрмэлзэх оноо: Сургуулиудын босго оноо ихэвчлэн 6.5/9-аас эхэлдэг гэхдээ зарим босго өндөртэй сургуулиудын хувьд 7/9, 7.5/9-аас эхлэх нь бий.
“Миний хувьд IELTS-ын шалгалт өгөхөд их зугаатай санагдсан. Учир нь бэлдэж байсан бусад шалгалтуудыг минь бодвол арай стресс багатай. Шалгалт авч байсан хүмүүс нь ч гэсэн сайхан ааштай байсан төдийгүй кофе уунгаа яриа өрнүүлж байгаа мэт уур амьсгалыг бүрдүүлж байсан."
- Ананья Панвар, GD Goenka Сургууль
GRE
GRE гэж юу вэ: Та гадаадад магистр, докторын зэрэг горилж байгаа бол GRE Ерөнхий шалгалтыг өгөх болно. Зарим тохиолдолд илүү нарийн мэргэшлийн GRE шалгалтыг өгөх нь бий.
Зорилго: GRE шалгалтыг Умард Америк буюу АНУ, Канадын их сургуулиуд шаарддаг. Ямар оноо авах нь сайн сургуульд тэнцэх эсэхэд нөлөөлдөг бөгөөд зарим сургууль бэлгэ тэмдгийн төдий байдлаар шаардах нь ч бий. Мөн зарим тохиолдолд ажилд ороход хэрэг болдог.
Хамрах хүрээ: GRE Ерөнхий шалгалтын нь 160 гаруй орны 1000 орчим шалгалтын төвд өгөх боломжтой байдаг. Дэлхийн ихэнх газар жилийн турш компьютерт суурилан өгөх боломжтой байдаг.
Онооны хүчинтэй хугацаа: 5 жил
Эрмэлзэх оноо: Шалгалт гурван хэсэгт хуваагддаг ба Verbal ба Quantitative Reasoning хэсэгт тус тус 150/170 харин Analytical Writing хэсэгт 4/6 авах нь дундаж оноонд тооцогдоно.
“GRE-н хамгийн хэцүү хэсэг нь Англи хэл. Математик бол бэлдэхэд харьцангуй амар. 320-оос дээш оноо авсан бол сайн их сургуульд орох чинь ер баталгаатай.”
- Сумедха Моханти, VIT их сургууль
GMAT
GMAT гэж юу вэ: GMAT нь логикоор асуудал шийдвэрлэх чадвар, аналитик чадварыг шалгах зориулалттай.
Зорилго: Бизнесийн удирдлагын магистр зэрэг менежентийн хөтөлбөрүүдэд суралцахад хэрэг болно.
Хамрах хүрээ: Дэлхийн 114 орны 2100 гаруй институт, их сургуулийн 6000 гаруй бизнес, менежментийн хөтөлбөрт хүлээн зөвшөөрөгдсөн. Нийт 600 гаруй шалгалтын төвүүд бий.
Онооны хүчинтэй хугацаа: 5 хүртэлх жил. Цөөн сургуулиуд хүчинтэй хугацааг өөрсдийнхөөрөө хүлээн зөвшөөрдөг.
Нэмэлт мэдээлэл: Зарим менежментийн сургуульд GRE, GMAT хоёрын аль алийг зөвшөөрдөг тул аль нь өөрт илүү хялбар байна, түүнийг нь сонгох боломжтой. Шалгалтыг жилд дээд тал нь 5 удаа өгөх боломжтой.
Эрмэлзэх оноо: 700 болон түүнээс дээш оноо нь өрсөлдөхүйц оноонд тооцогдоно.
"Цагт анхаарахгүй байх тусам би асуултууд дээрээ илүү сайн төвлөрч зөв хариулж байсан. Тиймээс шалгалтын үеэр аль болох тайван байхыг хичээх нь чухал. Нэг л сандраад төвлөрлөө алдчих юм бол оноогоо давхар алдаж байгаагаас өөрцгүй. GMAT чамайг “Айви Лиг”-ийн коллеж цаашлаад сайн цалинтай ажилд ороход чинь туслана. Тийм ч учраас энэ шалгалтыг би амархан гэж хэлэхгүй гэхдээ мөн давж барахааргүй хүнд ч биш юм.”
- Варун Бөүс, Pathways International-ын сурагч
ШАЛГАЛТАД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Шалгалтаас өмнө
-Шалгалт хэзээ байгааг шалган, өөрт тохирсон сар өдөр, шалгалтын байрыг бүртгүүлж, эртнээс өөрийгөө бэлдэж эхлэх.
-Зөвхөн өөрөө зүтгээд байлгүй, сургалтын төвд сурч, тухайн шалгалтыг өгөх гэж буй найз нөхөдтэйгөө хамтран бэлдэх нь үр дүнтэй байж магадгүй.
-Бэлдэхдээ тухайн шалгалтыг өгч байсан хүмүүсийн туршлагаас судлах, онлайнаар судалгаа хийх нь үр дүнтэй.
-Хуваарийн дагуу тогтмол шалгалтандаа бэлдэх хэрэгтэй. Мөн үе үе завсарлага авч амарч байснаар та бүтээмжээ бууруулахгүйгээр хүссэн үр дүндээ хүрч чадна.
-Өмнө нь ирж байсан жишиг шалгалтын материалууд дээр ажиллан өөрийгөө улам гаршиж, шалгалттай "нөхөрлөх" хэрэгтэй. Дасгалууд дээр тогтмол ажиллан, асуултууд дээр анализ хийснээр мэдлэгээ бататган, алдаагаа дахин давтахгүй.
-Тархинд тэжээллэг байх хоол хүнс хэрэглэн, сайн амарч байх нь чухал. Самар, алим, салмон загас, цэцэгт байцаа, хар шоколад, өндөг, ус зэрэг нь тархинд сайнаар нөлөөлдөг байна.
-Спортоор тогтмол хичээллэх. Спортоор хичээллэснээр анхаарал төвлөрүүлэх чадвар, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, стрессээ багасдаг. Ингэснээр та эрч хүчтэй бэлдэж чадна. Хэрвээ спортоор хичээллэх зав хараахан олдохгүй байгаа бол бясалгал хийх нь мөн тусална.
-Шалгалтын өмнөх өдөр аль болох амрахыг хичээн тархиа сэргээх нь зүйтэй. Мөн сурснаа бататган харж болно.
Шалгалтанд ирэхдээ
-Өмнөх орой хөнгөн хоол идэж эрт унтах.
-Өглөөний цайндаа уураг ихтэй тэжээллэг хоол идэх.
-Өөрт эвтэйхэн чөлөөтэй хувцас өмсөх.
-Шалгалтын заавар зөвлөмжийг мөрдөж шалгалтын байранд ирэх.
Шалгалтын үеэр
-Хэрвээ нэг асуултанд дээр хэтэрхий удаад байвал харж суусны хэрэггүй даруйхан дараагийн асуулт руугаа орж, өмнөх рүүгээ дараа нь эргэж харвал цаг алдахгүй байх юм. Гэхдээ өмнөх асуултууд эргэж харах боломж олдох эсэхийг тооцож, мэдрэх нь чухал.
-Асуулт бүр ижил түвшнийх байдаггүй тул бүгдэнд нь ижил хугацаа зарцуулах гэсний хэрэггүй. Асуултуудаа хийж явахдаа гэнэт хурдан хариулаад эхэлбэл алдаж байж магадгүй тул анхааралтай хийхийг зөвлөе.
-Хэрвээ зөв хариултыг нь олж чадахгүй бол, буруу хариултуудыг хасаад үзээрэй. Эцэст нь зөв хариулт гараад ирж ч магад.
-Шалгалтын дундуур өөртөө итгэлтэй, тайван байх нь чухал.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье!