Говь-Алтай аймгийн Шарга сумын нэгдүгээр багийн малчин Х.Гантөмөрийнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин айлчиллаа. Тэднийх аймгийн төвөөс 20 орчим км-т өвөлжиж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин гэрийн эзэнтэй нутаг орны байдал, малчдын ахуй амьдралын талаар хөөрөлдсөнөөс өвөлжилт болон өвс тэжээлийн хүрэлцээний тухай яриаг нь дор сийрүүлье.
-Танайх хэдэн малтай вэ?
-Мянга шахам юм бий.
-Хэзээнээс хүйтрэв?
-Арванхоёрдугаар сарын 27-ны шөнө учиргүй хүйтрээд, тэгээд л ер нь нэг их дулаарсангүй. Одоо бол 46 градусаас дээш л хүйтэн хонож байна шүү.
-Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30 хүргээд температур бага зэрэг буурах төлөвтэй. Танайханд нярай хүүхэд, жирэмсэн, өндөр настан бий юү?
-Байхгүй ээ.
-Малын хорогдол хэр байна?
-Өө, нэлээд хорогдлоо. Өвсөө дууссан арваннэгдүгээр сараас хойш 200-гаад мал үхсэн.
-Аймаг, сумаас өвс, тэжээл авсан биз дээ?
-Арванхоёрдугаар сард аймгийн Хөдөө аж ахуйн газраас 400 гаруй боодол өвс авсан. Одоо мөн л шувтарч байна. Идэш муутай болохоор мал харганаа хүртэл хамж идчих юм, тэгээд ам нь шархлаад байгаа.
-Засгийн газраас малчдад өвс, тэжээл хүргэж байгаа. Бас хожим төлөх зээлээр нэмж өвс, тэжээл олдох боломж бий шүү дээ.
-Ноосны мөнгө гэж багаар бодоход 400 мянган төгрөг авчих байх гэж бодож байгаа.
-Өвлийн бэлтгэлээ ер нь хэдийнээс базаав. Хэдэн мал борлуулсан бэ?
-Өвлийн бэлтгэл базаахаар зунаас хойш л мал борлуулсан. Өнгөрсөн зун ган болоод хадлан гэж байхгүйтэй адил. Тэгээд нэг хонио 65 мянган төгрөгөөр тооцож зарсан даа.
Эх сурвалж: zasag.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Ooroo beltgelee sain bazaahgvi yaasiin duussan baixgvi gd muu amtai nobsh be