...
...

ЖҮЖИГЧИН Э.АЛДАР: БИ ДИПЛОМАТЧ БОЛОХООР ШИЙДЧИХСЭН БАЙСАН

Энэ удаагийн “Breakfast time” буландаа жүжигчин Э.Алдарыг урьж оролцууллаа.

 Өглөөний мэнд хүргэе!

Өглөөний мэнд ээ. Танай сайтыг уншиж байгаа бүх хүмүүст мөн энэ өдрийн мэнд хүргэе.

Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов. Гэр бүлд нь урлагийн хүн байв уу?

Манай аав Дуурийн театрт хийлчээр ажилладаг байсан. Тухайн үед аав маань мэргэжлээ дээшлүүлэх зорилготой ОХУ-ыг зорьж, бид гэр бүлээрээ тэнд амьдрах болсон л доо. Тэр үед бол би шууд дипломатч болно гэж дотроо их боддог байсан.  Харин буцаж Монголдоо ирээд 10 жилийн урлагийн үзлэгт орох гэж байхад “ТВ Коктейл”-ийн Цоомоо /Жүжигчин Э.Цолмонбаяр/ ах маань бид нарыг бэлтгэж өгч байлаа. Яг урлагийн үзлэгийн өдөр миний гарах хэсэг дээр хөгжим гацаад, тэгээд хүмүүсийг уйдаахгүйн тулд жүжиглэх л хэрэгтэй байх гэж бодоод Цоомоо ахтай шууд тайзан дээр харьцаад, ямар ч алдаа байхгүйгээр урлагийн үзлэгээ авч гарч байсан юм. Урлагийн үзлэг дууссаны дараа Цоомоо ах: “Алдар аа, чи СУИС-ийн жүжиг ангид  шалгалт өгөөч” гэж байсан, тэр үед би 8-р анги байсан болохоор дүү нь өөр хүсэл мөрөөдөлтэй гээд л нэг их тоогоогүй. Ер нь, МУИС-ийн Олон улсын харилцааны ангид сураад, шууд дипломатч болоод буцаад Орос руу явж амьдарна гэсэн бодлоосоо салаагүй байсан. Тэгээд 10-р ангид ордог жилээ өөрөө урлагийн үзлэгээ найруулан тавьж эхлэхэд манай ангийнхан ч гэсэн “Алдар аа, чи жүжигчин болооч” гэж хэлж байлаа. Төгсдөг жилээ МУИС, СУИС хоёрт хоёуланд нь шалгалт өгч, хоёуланд нь тэнцсэн. Яг сонгох үед за ер нь жүжигчний мэргэжил гоё юм байна гээд, өөрийгөө их сайн хөгжүүлэх юм бол болох юм шиг санагдаад сонгосон доо. Жүжигчин болъё гэсэн бодол их хожуу төрж байсан гэх юм уу даа.

Жүжигчин Цоомоо их нөлөөлсөн байх нь ээ..

Мэдээж л дээ. Шал өөр бодол, хүсэл мөрөөдөлтэй явж байсан хүүхдэд чамд авьяас байна гэдгийг хэлж,сургаж өгсөн. Магадгүй тэр үед тэгж хэлээгүй байсан бол би аль хэдийн Дипломатч ч болчихсон явж байж мэднэ.  

Энэ хүртэл явахад шантрах үе байсан л байх. Магадгүй энэ мэргэжлийг сонгочихоод харамсаж байсан тохиолдол бий юу?

Харамсаж , шантарч байсан зүйл огт байхгүй ээ.

Ер нь хүн мэргэжлээ зөв сонгоод, өөрөө түүндээ шамдан суралцахад шантраад байх шалтгаан байхгүй гэж би боддог.

Залуучууд маань юу хүсч байна, ямар мэргэжил сонгомоор байна гэдгээ зөв тодорхойлоод, дээрээс нь тэр мэргэжилдээ дурлаж чадвал амжилт ойрхон байдаг гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Хамгийн гол нь мэргэжлээ  хэн нэгний хэлснээр биш, өөрийн хүсэл мөрөөдлөөрөө сонгох ёстой юм болов уу 

Яагаад заавал хошин урлагийг сонгох болов? Жүжигчин мэргэжил эзэмшсэн ихэнх хүмүүс УДЭТ-т орох хүсэлтэй байдаг юм шиг санагддаг.

Сургуулиа төгсөөд  мэдээж Драмын театр руу орох эрмэлзэл бол байсан. Гэхдээ тэр үед орон тоо байхгүй байж таарсан. Оюутан байхад “Boomtown” хамтлаг байгуулагдаад, “Өнгөт инээд”, “Х-Түц” “Маск” продакшнуудын ард бүжиглэдэг байсан. Бид нар нэгэнт л жүжигчин мэргэжлийг сонгосон учраас бүжиглэх, жүжиглэх, дуулах гээд тал талын авьяастай байх ёстой.Дээрээс нь  ах, эгч нараасаа сайн суралцъя, тайзан дээр гарахад яаж жүжиглэж байна гэдэг ч юм уу, практик хэрэгтэй байсан. Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн болгон ах захаа сайн хүндэлдэг, тэд нараасаа их зүйл сайн суралцах ёстой гэдгийг маш сайн мэддэг.Тэгээд л хошин урлаг надад нэг тоглолтод ороход таван дүрд хувирч болохоор, өөрийгөө задалж болохоор санагдсан.

Сүүлийн үед “Маск”-ийн тоглолтонд жүжигчин Э.Алдар харагдахгүй байсан учраас үзэгчид таныг хамтлагаасаа гарчихлаа гэж ойлгосон?

Би албан ёсоор хэлье, “Маск” продакшнаасаа гараагүй уран бүтээлийн чөлөө авчихсан байгаа. Учир нь, өөрийгөө өөр өнцгөөс харуулах зорилго тавьсан. “Фантастик” продакшн  “Маш нууц”, “Том толгойтын романс”, “18 нас би чамд хайртай” кинонуудыг бүтээчихээд хэсэг хугацаанд яваад ирсэн. Тэнд очоод 6 сар байхдаа өөрсдийгөө хөгжүүлэнгээ давхар амарч, “Зүрхний хилэн”-гийн зохиолыг ярьцгааж, тус кинондоо Алдар гэдэг хүнийг өөр өнцгөөс харуулах дүр авсан учраас сахлаа ургуулах, жингээ хасах шаардлага гарсан . Удалгүй бид ирээд “Зүрхний хилэн”-гийн өвөл, хавар, намар, зун дамнаж зураг авсан учраас тоглолтод орж амжаагүй л дээ. Өчнөөн удаан ургуулсан сахал үсээ хусаад тоглолтондоо орно гэдэг бол хэцүү. Тэгээд “Зүрхний хилэн”-гийн зураг авалт дуусаад “Маш нууц-2”-ын зураг авалтад явсан. Ингээд л кинонд явсаар байгаад тоглолтууддаа оролцож амжаагүй. ”Маш нууц-2”-ын натурт байхад кино зохиолын санаа орж ирсэн. Ингээд л дахиад энэ киноны зохиол, зураг авалт гээд яг л ингэж таараад байгаа юм л даа.

Ямар кино зохиол вэ?

“One night” гээд романтик, инээдмийн уран сайхны кино хийхээр зориглосон. Энэ нийгэмд юу дутагдаж байна, залуучууд юу хүсч мөрөөдөж байна гэдэг зохиолын судалгаа хийсэн.

Киноны нэрний тухайд, яагаад “One night” гэж нэрлэсэн бэ?

Ер нь бол киноны трэйлер цацагдсанаас хойш залуучууд +18 кино гэж ойлгоод байсан. Гэхдээ “One night” чинь нэг шөнө л гэсэн үг шүү дээ. Магадгүй нэг өдрийн үйл явдал ч гарах юм бил үү, тэрийг би энд задлаад яахав. Залуучууд буруу ойлгоод байгаа юм.  “One night stand” гэх юм бол “+18” гэдэг утгаар ойлгож болно л доо.

“One night” кино өөрийн тань хэд дэх зохиол вэ?

Өмнө нь найруулагч Б.Тамир, Бүрнээ нартай хамтарч “18 нас би чамд хайртай”, “Том Толгойтын романс”, “Зүрхний хилэн” кинонуудыг хамтарч бичсэн. “One night”-ийн тухайд бол ганцаараа зохиолыг нь бичиж, анх удаа найруулагчаар нь ажиллалаа. Мэдээж, “Фантастик” продакшнийхнаараа хянуулна, уншуулна, засвар, шүүмж авалгүй яахав.

Жүжигчдээ хэрхэн сонгосон бол?

Зохиолоо уншиж байхдаа л ямар хүмүүс тохирохоор байна гэдгийг төсөөлж бодсон л доо. Тэгээд би залуу уран бүтээлчдээ дэмжье, дүү нарыгаа тоглуулбал гоё юм байна гэж бодсон. Жүжигчин Б.Мишээл, Т.Нямдорж, “Maaz” хамтлагийн Р.Сүхболд зэрэг дүү нар маань тоглосон. Жүжигчин мэргэжилтэй байсан ч кинонд туслах, зургийн дарга, гэрэлтүүлэгч  гээд янз бүрийн юм хийгээд явж байхыг үгүйсгэхгүй. Тэд маань бас бид нараас суралцдаг. Дандаа залуучуудыгаа тоглуулбал их гоё шинэлэг кино болох юм гэж дотроо, хувьдаа дүгнэлт хийсэн.

Хэдий хэр хугацаанд зураг авалт хийгдсэн бэ?

Наймдугаар сарын 20-ноос зураг авалтаа хийхээр Хөвсгөл аймгийг зорьсон. Төлөвлөгөөгөө маш сайн гаргачихсан байсан учраас зураг авалтууд ер нь хурдан явагдсан гэж хэлж болно. Хамгийн сүүлийн зургаа 11 сард аваад, тэгээд үндсэндээ монтаж, дуу дүрсний ажилдаа орсон.

Хэзээ нээлтээ хийх гэж байгаа вэ?

Хайрын сар буюу хоёрдугаар сарын 2-ны өдөр бүх кино театруудад гарч эхэлнэ.

Зохиол бичих хүсэл яг ямар үед төрдөг вэ?

Манай жүжигчний мэргэжил хүмүүсийг ер нь их ажиж явдаг. Хажууд ямар хүн сууж байна, юу ярьж байна, сэтгэл санааны байдал ямар байна гэдгийг ажиглаж явдаг.Эхний ээлжинд зохиолоо тархиндаа хөгжүүлээд, бага багаар санаа нэмээд явж байдаг. Ингээд явсаар байгаад зарим санаануудаа мартаж эхэлдэг, яг тэр үед нь санаануудаа цаасан дээр буулгаж байгаад “заа одоо яг бичье” гэж бодоод л суугаад биччихдэг. Бичиж байх хугацаанд гацах тохиолдол бас байна. Тэр үед зохиолоо хаяад өөр юм бодоод ч гэдэг юм уу, найз нөхөдтэйгээ уулзана ч гэдэг юм уу эргэн тойрноо харж суудаг ч юм уу хайгуул хийж явдаг, дахиад бичдэг. Ихэнхдээ ийм үйл процессоор бичдэг дээ.

Тэгвэл өөрийн амьдралд тохиолдож байсан үйл явдлаасаа зохиолдоо  тусгаж байсан удаа байгаа юу ?

Мэдээж өөрт тохиолдож байсан хүнд, хөгжилтэй зүйлүүдээсээ шигтгэж оруулж байсан удаа бий.. Яагаад гэхээр, тэр болж байгаа үйл процесс дунд би өөрөө байсан учраас илүү ойрхон байдаг ш дээ.  Гэхдээ яриад яахав /инээв/

Өөрөө хэр хатуу найруулагч болох төлөвтэй байна вэ?

Хатуу найруулагч гэхээсээ илүү би кино багийнхандаа их санаа зовсон. Дүү нар маань даарч байгаа болов уу, ядарч байгаа болов уу гэх зэрэг дээр их анхаарал хандуулсан. Хааяа уурлах үе байлгүй л яахав. Гэхдээ хахир хатуу юу, уян зөөлөн үү гэдэг дүгнэлтийг дүү нар маань аль хэдийн хийчихсэн байгаа байх аа. Би өөрөө өөрийгөө дүгнэх биш, хүмүүс намайг дүгнэвэл илүү юм болов уу.

Яагаад заавал инээдмийн кино жанрыг сонгосон бэ?

Сүүлийн үед миний бодож байгаагаар нийгэмд маш их стресс байна, ядаж л сошиал ертөнц рүү өнгийхөд хүртэл дандаа хар бараан мэдээ байна шүү дээ. Энэ бүхэн дундаас өөрийгөө ганц өдөр, ганц цаг чөлөөлөөсэй, инээмсэглээсэй, эерэг зүйлийг мэдрээсэй гэж л бодсон доо 

Жүжигчин Э.Алдарын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Одоо яг кино нээж байгаа учраас ажил ихтэй байгаа. Бусад өдрүүдэд бол  “Gym”-д явна, хөлсөө гаргана. “Зүрхний хилэн” киноны дүрээ бүтээх гэж турах шаардлага гарсан л даа. Түүнийхээ үр дүнд хөдөлгөөн хүнд маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Яг өөрийгөө амрааж байх үедээ хааяа PC /“Дота” /  тоглох дуртай. Би үүнийг киноныхоо үйл явдал дээр шигтгэж үзүүлсэн байгаа /инээв/

Жүжигчин Э.Алдар найруулагч боллоо. Харин дараагийн зогсоол  юу байх бол?..

Сайн мэдэхгүй байна. Би өөрийгөө нээх гэж л яваа. Анх удаа найруулагчаар ажиллаж түүнийхээ ард гарах гэж байна.Цаашаа юу болж өөрчлөгдөхийг би таашгүй.

Гэхдээ дан ганц найруулагчаараа явна гэсэн үг биш, нэг кино найруулаад би болчихлоо, найруулагч болчихлоо гэж бодвол өрөөсгөл ойлголт. Залуу хүн учраас өөрөө юу хүсч мөрөөдөж байна, түүн рүүгээ л зорьж  ажиллана.

Энэ нийгэм, хүмүүс өдрөөс өдөрт өсөн дэвжихийн төлөө явж байна шүү дээ. Тэгэхээр, дараагийн удаа Э.Алдар гэдэг хүн юу хийж явахыг таахын аргагүй. 

 

Ярилцсанд баярлалаа.

Кино нээлтэд нь амжилт хүсье!

Д.Атарцэцэг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ