Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-наас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг Улаанбаатар хот орон нутагт зохион байгуулж буй. Энэ долоо хоногийн даваа, мягмар гаригуудад зөвлөгөөнийг Өвөрхангай, Ховд аймгуудад зохион байгуулсан юм.
Мөн Орхон, Дорнод аймгуудад “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Орхон аймагт болох зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймгийн багш, ажилчид, Дорнод аймагт болох зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Дорнодын багш, ажилчид оролцох юм. Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Дорнод аймагт болох улсын зөвлөгөөнд “Ерөнхий боловсролын тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэл” сэдвээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа илтгэл хэлэлцүүлнэ.
Зөвлөгөөний хүрээнд www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар зөвлөгөөнд оролцож, санал, хүсэлтээ өгөх боломжийг бүх багш, удирдах ажилтнууд, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байгаа юм.