Эрдэнэс Монгол” ХХК болон “ISO Mongolia” ХХК хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментын тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх зорилготой юм. “Эрдэнэс Монгол” ХХК тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авлигад өртөх эрсдэлийг бууруулах, IPO гаргах, олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой аж.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “MNS/ ISO 37001:2017 энэ стандартыг нэвтрүүлснээр менежментийн болон санхүүгийн үр ашиг сайжрах, орлого ашиг нэмэгдэх, худалдан авалтын процесс, байгууллагын үйл ажиллагаа ил тод болохоос гадна IРO хийх гэж байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, 1072 хувьцааг эргэлтэд оруулах, компанийн зах зээлийн үнэлгээ томрох зэрэг ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.
“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан билээ.
ISO Mongolia ХХК нь холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.
Тус стандартыг олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO)2016 оны аравдугаар сард авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих зорилгоор “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо. Шаардлага ба хэрэглэх удирдамж” ISO 37001:2016 стандартыг баталсан. Энэхүү стандартыг баталж гаргахдаа“Авлигын эсрэг стандарт ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчиллын байгууллага тодотгон онцолсон билээ.
Энэхүү стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!