...
...

БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: Олимпиадыг ”ШИЛЭН ТЕХНОЛОГИ”-д суурилан зохион байгуулна

 


УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын Үнэлгээний Төвөөс “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах гэж байна. Зохион байгуулалтын талаар БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодрууллаа.
- Анх удаа байгалийн ухааны нэгдмэл олимпиадыг шилэн технологиор явуулна гэлээ. Үүнийг тайлбарлахгүй юу?
- Байгалийн ухааны нэгдмэл агуулга гэдэгт Математик, Физик, Хими, Биологи, Газар зүйн хичээлүүдийг хамруулж үздэг. ЕБС-ийн төгсөх ангийнхны дунд зохион байгуулж байгаа "Ирээдүйн эзэд" олимпиад хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт хамрах хүрээг хэлж болно. Нийслэлийн сургуулиуд хамгийн шилдэг гэсэн зөвхөн нэг сурагчаа шалгаруулж оролцуулна. Бүртгэлийг цахимаар хийж, баганан код бүхий мандат олгох юм. Өнөөдрийн байдлаар нийт 184 сургуулийн 12-р ангийн 184 хүүхэд бүртгүүлээд байна.
Хоёрдугаарт шалгалтын танхимд нэвтрэхээс эхлээд шалгалтыг засаж дүнг мэдээлэх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглана. Тодруулбал, кодтой мандатаар нэвтэрсэн сурагчийн шалгалтын материалыг тэр дор нь засагч машинд уншуулж, дүнг 10 минутын дотор сурагч, эцэг эх, багш нарт нээлттэй мэдээлнэ. Үүнийг мэргэжилтнүүд шилэн технологи гэж нэрлээд байгаа юм.
- Уламжлалт олимпиадуудаас их өөр юм. Шалгалтын даалгавар, хугацаа зэрэг зохион байгуулалтын асуудалд ямар өөрчлөлт орсон бэ?
- Асуулт даалгаварт байгалийн ухааны таван хичээлийн агуулга багтсан учир 120 минут буюу хоёр цагийн турш гүйцэтгэх хугацаа тавьж өгсөн. Оролцогчид мандат болон хувийн хэрэг, иргэний бичиг баримтаа авч, сургуулийн дүрэмт хувцастайгаа ирнэ. Шалгалт Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд байрлах Монгол тэмүүлэл лаборатори сургуульд ирэх даваа гарагт буюу 3-р сарын 5-нд өглөө 09 цагт эхлэх юм. Шалгалт авах танхимыг олон улсын стандартын дагуу тохижуулж, сурагчдын сэтгэл зүйд таатай, даалгаврыг амжилттай гүйцэтгэх орчныг бүрдүүлж зассаныг энэ дашрамд дуулгая. Мөн жижигхэн нууц дэлгэхэд, шалгалтын эхний хэсэг сонгох тест, хоёр дахь хэсэг нь илүү өндөр түвшний мэдлэг, чадварыг шалгасан бүтээх хэлбэрийн даалгавруудаас бүрдсэн. Харин шалгалтын бүртгэлээс эхлээд бүхий л үйл явцыг Ж.Энхбаяр гишүүний facebook.com/enkhbayar.jadambiin/ болон БҮТ-ийн https://www.facebook.com/eec.mn/ цахим хуудсуудаар шууд дамжуулна. 

- Засагч машинаар шалгачихаар тэр дороо л түрүүлсэн сурагч тодрох нь ээ. Нууц биш бол шагнал нь юу байх вэ?
- Тийм. Дээр хэлсэнчлэн олимпиадын дүн шалгуулагчийн нүдэн дээр 10 минутын дотор л гарна. Эхний гурван байр эзэлсэн сурагчдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр iPad, бусад үнэ бүхий зүйлээр шагнана. Мөн амжилт үзүүлсэн сурагчийг бэлтгэсэн шилдэг заах аргын нэгдлийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм. Нэгдмэл агуулгын олимпиадад сурагчид төдийгүй багш нар шагнал хүртэх боломжтойгоороо онцлог юм.
Мөн олимпиадаас гадна ЭЕШ-ын онлайн бүртгэл, зөвлөгөө мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ