Бүгд Найрамдах Монгол Ард Улс. Хэнтий аймаг. Монгол Ардын Намын Хороо, Ардын Депутадуудын Гүйцэтгэх Захиргааны эрхлэн гаргадаг байсан “УРАГШАА” нэрт сонины 1990 оны 3-р сарын 26-ны өдрийн № 24 дугаарт хэвлэгдэн Монголын ард түмэнд тараагдаж байсан Хон Хэрээд овогт Энхбат миний бичсэн нэг нийтлэл маань.
Бор-Өндөрийн уурхайн овоолго шороо нь талынхаа толгодоос өндөр болж, хуучин тахилгат уул овоог сэт татаж ил аргаар хөрс хуулж хүнд даацын хүчит машин техник хүссэн газраараа л тоос босгон, хар утаа хаялан хурдалхыг ажихад тэртээ 750 жилийн өмнө “Монголын Нууц Товчоо”-нд
“...Хөрст дэлхий хөрвөөж
Хөвчин уулс хямарч
Хөнжөлдөөн унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байлаа...” гэсэн мөр санаанд орно. Тэр үеийн байлдаанд хүлэг морьдын хөлөөр боссон тоостой жишвэл өнөөдөр хөрст дэлхийг хүчит техникээр хөрвүүлж хөнжилдөөн унатах завгүй хүмүүс өдөр шөнө дамнасан гурван ээлжээр хөрвөөн урвуулж буйг хэлж зүйрлэх юм үнэхээр алга.
Бор-Өндөрийн ил, далд уурхайгаас гадна зүүн тийшээ 45 към-т Хажуу-Улаан цааш нь 15 км-т Зүүн цагаан дэло, Хамар ус, ургашаа Хар-Айраг, Хонгор, Бужгар, Өргөн, Хайрт... хэмээх ил уурхайнууд, хойшоо 13 км-т Адаг гэгчээс Дархан сум, Хэрлэнгийн өртөө... гээд олон ил уурхайнуудад ашиглаж байсан хөрсийг нь хөрвүүлэн хаясан газруудыг өндөрт нисэх онгоцны цонхоор хархад “Сарны гадрага” санаанд орно.
Ингээд зогсохгүй эдгээр ил уурхайнуудаас жоншны хүдрийг Бор-Өндөр дэх хүдэр баяжуулах “Хэрлэн комбинат”-руу тээж ирэх хүнд даацтай машины мөр нь олон салаа зам гарган хэрсээр тар хавийн газрын хөрсийг улаан халцгай болгож байна.
Гэтэл одоохондоо дэлхийн шинжлэх ухааны дэвшил “газрын хөрс шороо”-г шинээр бүтээх аргыг олоогүй, харин эвдэрч алдарсан “нэг см газрын хөрс” байгалын аясаар шим тэжээлтэй болж эргэн сэргэхэд наад зах нь 400 жил шаардлагтайг л тооцоолон тогтоожээ.
Тэгэхлээр ил далд уурхайнуудын хөрс хуулалт гэж сүйтэгсэн хийгээд хүнд даацын машинуудын гаргасан тоолох аргагүй олон салаа замд давтагдсан энэхүү их газрын хөрсийг аж ахуйн аргаар сэргээн сэлбэхэд “га” тутамд 1000 гаруй төгрөгийн зардал гарна. Тэгээд ч гадаад орнуудад “га” тутамд асар их хөрөнгө зарж байж бий болгоод 3-5-хан төрлийн ургамал тарьсан тэр хөрсийг ашиглах хугацаа нь 5-6-хан жил байдаг ажээ...
Гэтэл манай Монгол Улсын нэг “га” газрын хөрсөнд 30-80 гаруй төрлийн ургамал ургадаг гэж ( С.Цэрэндаш зэрэг...) эрдэмтэд нотолдог.
Бор-Өндөрийн уурхай хавийн газрын хөрсөнд агь царван, ганга... гээд тансаг үнэртэн, таана хүмэл, гогод мангир зэрэг шүүс шимт амттан, 1930 оны их хэлмэгдүүлэлтийн өмнөх үе хүртэл энэ хавийн сүм хийдийн лам нар өөрсдөө цаас хийхэд хэргэлдэг байсан “ДАЛАН ТҮРҮҮ” хэжмээгч болон өөр өдий төдий ховор эмийн ургамал ургаж байсан байдаг буй.
Хөрс хуулалт, хаягдал овоолго шороо, хэрж сүлжсэн олон шороон замын аясаар сүйрч буй энэ нутгийн шимт хөрснөө хүнсний ногоо, төмс, жимс таривал хичнээн их юм авч болох нь эндэхийн байшин сууцны цонхны доорхи хэсэгхэн газарт, хашааны булангийн хэсэгхэн талбайд хувь хүмүүс тарьсан ургацнаас харж болно.
Гадаад орнуудад гүүр мэт дүүжин талбай байгуулж, эсвэл уулын хад чулуун дээр шороо зөөж хөрс бүрдүүлэн тариа ногоо тарих нь бишгүй бий...
Алдарт зохиолч, яруу найрагч Расул Гамзатов “Миний Дагестан” номондоо:
-“...Хад чулуун дээр чи яагаад байшин барьж байна?
-Зөөлөн хөрст газар хайран байна...
-Тэнд барьсан байшингийнхаа дээвэр дээр тариа тарьдаг юм.
-Тэр ч байтугай тэгшхэн хадан дээр ч шороо зөөж хөрс бүрдүүлэн идэх будаагаа тарьдаг...” хэмээн бичсэн байдаг...
Энэ мэдээж хошигносон шог гэхдээ уулын хадруу шороо зөөж, эсвэл байшингийнхаа хавтгай дээвэр дээр шороо зөөн хөрс бүрдүүлэж ногоо тариа тарьдаг улс орон цөөн биш ээ.
Харин Монголчууд бид сүүлийн арваадхан жилийн дотор ( 1980-1990 оныг хэлж буй. Б.Э.) Албани, Бельги, Дани, Люксембург, Мальта, Нидерланд зэрэг улс орны нутаг дэвсгэрийн нийлбэртэй тэнцэхүйц 14 сая га талбай газрын хөрсийг сүйтгэн хэрэгцээнээс гаргажээ.
Гэтэл арав гаруй жилийн өмнө ( 1976 онд) хэвлэгдсэн “ДЭЛХИЙН УЛСУУД” гэдэг номонд хуурай газар дээрээ хүн ам нь багтахаа болиод усан дээр хөвөгч завь онгоцон дээр хүмүүс нь амьдарч байгаа Сингапур, Гонконг, Тайланд зэрэг зарим улс орны тухай бичсэн байна.
Азийн хөвөөний арал, хойг дээр орших эдгээр орны нутаг дэвсгэр нь Бор Өндрийн орчин тойронд ил уурхайнуудын ( Зүлэгтэй, Хажуу Улаан, Хар-Айраг, Адаг, Дархан, Хэрлэнгийн) хоорондох талбайгаас бага, түүгээрч барахгүй уурхайн хаягдал гэгдсэн овоолго шороотой талбай, илээр хуулсан хөрс, олон замуудын халцгайн хэмжээнээс ч ихгүй газар байна. Сингапур гэхэд л өргөн нь 41 км, урт нь 21 км нутагтай. Ингээд л бодоод үз.
Гэтэл хөрсөн доорхи баялаг нь ч асар ихгүй эдгээр орон хөгжлөөрөө урд нь өөрсдийг нь эзэгнэн колончилж байсан орнуудаа даваад одоо Америк, Япон зэрэг тэргүүний хөгжилтэй орнуудтай өрсөлдөн “Азийн Луу” гэгдэж байна. Хүн ардынх нь амьдралын түвшин дэлхийн дунджаас давж ( үндэсний орлогын нэг хүнд ноогдох орлого) байхад бид газрын доорхи баялгаа ( жоншоо) өнөө л болж байвал маргааш хамаагүй хэмээн гадгаш хямдхан зарж борлуулахын тулд их хэмжээний газрын хөрсийг ингэж хайр найргүй сүйтгэж байгаа минь зөв үү...
Дээр нь олон арван хүнд даацын машинууд барьсан жолооч нар дур дураа л хүссэн газраараа давхин олон салаа замууд гаргаж газрын хөрсийг сүйтгэж байна...
Аливаа амьдралыг тэтгэгч шимт бодписын үндсэн хэсэг газрын хөрсөнд үүсч бий болдог...
Манай Монголын өвөг дээдэс эрт үеэс ан авд явахдаа хүртэл “газрын хөрс”-ийг хайрлаж нэг л нарийн жимээр явж, мөн тэр л жимээрээ буцаж ирдэг байсан...
Монгол өвөг дээдсийн маань “газрын хөрс”-ийг хайрлан хамгаалдаг байсан энэхүү агуу ёс бол зүгээрч нэг мухар сүсэг байгаагүйг дэлхийн хөрс судлалын шинжлэх ухааныг үндэслэгч нэрт эрдэмтэн В.В.ДОКУЧАЕВ нэгэнтээ: “...Галт уул Везуви дэлбэрч үнс нурмаараа Помпей хотыг дарсан шиг газар нутгийн хөрс эвдэрч цөлжихдөө эрт эдүгээгийн соёл иргэншилийг залгидаг...” хэмээн хэлсэн үгнээс харж болно....
....Монголын өвөг дээдэс маань олон мянганыг дамжуулан хойч үедээ нандигнан хадгалсан “газрын ариун хөрс” болон “газрын доорхи өв”-ийг нь өнөөдөр бид ингэж хайр найргүй сүйтгэж ирээдүйн ач гучаасаа “дээрэмдэх эрх” бий бил үү?...
( Дэндүү их учир энд хэсэг зүйл орхин товчлов. Хэн нэгэн энэ нийтлэлийг бүрэн эхээр уншихийг хүсвэл би тэр хүнд бүрэн эхээр нь өгч болно.)
....Төрж өссөн нутгийнхаа “газрын хөрс”-ийг болон “газрын доорхи баялаг”-ийг хайрлах хамгаалах арга хэмжээг бид одооноос авахгүй бол нэг “Лууны арал”-ын хэртэй биш хэд хэдэн “Лууны арал”-ын хэртэй газар сүйрэх нээ...
Агуу өвөг дээдэс минь алга дарам газрынхаа төлөө алтан амиа өгч байсныг Монголчууд бид мартах учиргүй....
...1980 оны сүүл үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шоронд хоригдон “Ганцаардмал Чоно” хочтой сахилаггүйтэж явсан миний бие Монголын шоронгоос суллагдан гараад надад оноосон байсан “нэмэгдэл ял” болох “цөлөх ял”-аа үргэлжлүүлэн эдлэхээр Хэнтий аймгийн Дархан сумын Бор Өндөр хэмээх нэрт газарт “нутаг заагдан” дөнгөж очсон тэр үедээ буюу эдүгээгээс 30-н жилийн өмнө Бор Өндрийн газар нутгийг Орос, Монголчууд нийлээд хэрхэн сүйтгэж буйг хараад гайхан цочирдож Монголчууддаа хандан ийн хэлж, бичиж байжээ...
Гэтэл өнөөдөр 2018 он...
...Би бас дахиад XXI зууны эхэн үед Монгол Улсын шоронд хоригдон хэсэг тэнэж яваад шоронгоос суллагдан гарч ирээд Хятад, Солонгос, Япон, Орос, Монгол олон хүмүүс нийлээд Монгол Улсын маань газар нутгийг ямар болсоныг хараад гайхан цочирдож гартаа үзэг ээ барих уу? ташуураа барих уу? хутгаа барих уу? аль нь дээр вэ? хэмээн бодож сууна...
Монголчууд минь би одоо яах вэ?
Үзгээр, ташуураар, хутгаар... Монголын минь газар шороог сүйтгэх хэн нэгэн хүнийг шоглосон хэргээр би дахиад хэсэг хугацаанд шоронд суугаад гараад ирвэл надад Монголын минь газар шороо гээд гишгэх нутаг ч байхгүй болох дэг ээ...
Эх сурвалж: www.breakingnews.mn
Хон Хэрээдийн Б.Энхбат