Стэнфордын Их сургуулийн генетик судлаач эрдэмтэн Гарри Нолан /Garry Nolan/ Атакамын хүн дүрст амьтны генийн бүтцийг тайлсан байна. Эрдэмтдийн дүгнэж буйгаар, “харь гаригийн хүний” цогцос хэмээн зарим хүмүүсийн үзэж байсан муми нь хүний гаралтай аж.
Энэхүү занданшсан цогцосын ер бусын өвөрмөц төрх байдал нь түүний хэдэн арван генүүд мутацид орсонтой холбоотой гэнэ. Энэ тухай Science Alert мэдээлсэн байна.
Атакамын хүн дүрст амьтан нь өндрөөрөө 15 см, хүнд байдаг 12 хавирганы оронд 10 ширхэг хавиргатай занданшуулсан цогцос юм. Түүний гавлын яс маш урт байсан нь түүнийг харь гаригийн элчтэй төстэй болгосон аж.
Цогцосыг 2008 онд эртний түүх судлаачид Чилийн орхигдсон Ла-Нория суурингаас олсон юм байна. Дараахан нь занданшуулсан цогцос Барселонд хувь хүний цуглуулгад шилжин, Ата нэртэй болсон аж.
Эрдэмтэд ДНК-ын нарийвчилсан шинжилгээ явуулсан бөгөөд мумигийн ДНК хангалттай сайн хадгалагдаж үлдсэнээс харахад ойрын хэдэн арван жилийн өмнөх цогцос бололтой.
Хүн дүрст цогцосын генийг шимпанзегийн гентэй харьцуулан судлахад хүн бус гаралтай гэдгийг няцаасан байна. Уг цогцос хөгжлийн маш ноцтой гажуудал бүхий өмнөд америк гаралтай охин байсан гэнэ. Цогцосны яснууд зургаан настай орчим байсан болов уу гэхээр харагдаж байсан нь түүний нэг онцлог болсон байна.
Судлаачид түүний араг ясны бүтэц бүрэлдэхүүнд 64 мутаци байгааг илрүүлсэн аж. Тэдгээрээс хоёр нь өнөөг хүртэл ямар нэгэн эрдэм шинжилгээний бүтээлд тусгагдаагүй байсан гэнэ. Харин эрдэмтэд генийн чухам ямар хувилбарууд нь ясны хурдавчилсан хөгжлийг хариуцаж байсныг одоогоор тогтоож чадаагүй байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250