Оросын Волгоград хотноо нэгэн үл хөдлөх хөрөнгийн фирмийн захирал, 40 настай эмэгтэйг залилангийн хэрэгт сэжиглэн цагдаагийнхан баривчилсан байна. Уг эмэгтэй одоогийн байдлаар 40 гаруй хүнийг мэхлэн хохироосон нь тогтоогдоод байгаа аж.
Залилагч эмэгтэй будаг шунх, хиймэл үсний тусламжтайгаар өөрийн гаднах төрхөө өөрчлөн хувиргаж, үйлчлүүлэгчидтэйгээ уулзан төөрөгдөлд оруулж байсан гэнэ. Тэрээр холбооны хөтөлбөрийн хүрээнд хүмүүсийн орон сууцны нөхцлийг сайжруулахад тусална хэмээн тэдэнд амлаж байжээ.
Зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр орон нутгийн сангаас байр авах тухай хуурамч гэрээг тэдгээр гэнэн хүмүүстэй байгуулсан байна.
Дараа нь өөрийнхөө төрхийг өөрчлөн орон нутгийн сангийн ажилтан болж нөгөө хүмүүстэйгээ уулзсан төдийгүй орон сууцны материал бүрдүүлэх үйл явцад оролцож буй бусад хүмүүсийг ч төлөөлж чадсан нь хачирхалтай.
Түүний энэхүү залилангийн хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газарт 40 хүн хандаад байгаа бөгөөд хохирогсдын тоо хэд дахин өсөх магадлалтай байгаа аж. Одоогийн байдлаар 50 сая рублийн хохирол хүмүүст учруулаад байгаа бөгөөд цаашид хэд болж өсөх нь мэдэгдэхгүй байгаа бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250