Таганрог хот дахь нисэхийн үйлдвэрийн хэрэглээний усыг талли бодисоор хордуулсан хэрэг гарч, шуугиан тариад байгаа аж. Тус үйлдвэрийн 30 ажилтан хордлогод өртсөн бөгөөд нэг хүн нас барж, бусад нь хүнд байдалтайгаар эмчилгээнд орсон байна.
Энэ хэргийн эх үүсвэр өнгөрөгч оны сүүлчээр эхэлсэн хэдий ч үйлдвэрийн удирдлагын зүгээс энэ талаар гадагш ямар ч мэдээлэл гаргахыг хатуу хориглосон тул хэсэгтээ дарагдмал байдалд байсан аж.
Харин хордогсдын ар гэрийнхэн энэ талаар олон нийтийн сүлжээнд мэдээлсний дараа уг түүхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аваад ихээхэн шуугиан дэгдээсэн байна. Ингээд хууль сахиулах байгууллагынхан уг ээдрээтэй түүхийг мөрдөн шалгаж эхэлжээ.
Андрей Малаховын “Шууд эфир” хөтөлбөр мөн өөрийн зүгээс Таганрог дахь хэрэг явдалтай холбогдуулан мөрдлөг шалгалт явуулсан бөгөөд тус үйлдвэрийн ажилтнууд болон ойр дотныхон нь хэргийн эргэн тойрны хачирхалтай зүйлсийн тухай ярихыг зөвшөөрсөн байна.
Хордсон хүмүүс аймшигтай өвдөлтийг мэдрэн, үс нь унаж, эмэгтэйчүүдийг нь ойрын гурван жилдээ хүүхэд төрүүлэхгүй байхыг эмч нар анхааруулсан гэнэ.

Хордогсдын нэг болох ахлах эдийн засагч Ксения Сергус өөрийн санаачлагаар Москва хот руу явж, 5000 рублээр таллигийн хордлогын шинжилгээ хийлгэхэд түүний үсэн дэх талли бодис байх ёстой хэмжээнээс даруй 150 дахин их байсан аж.

Тус үйлдвэрийн инженер, 36 настай Владислав Шульга өш хонзонгийн улмаас үйлдвэрийн хэрэглээний устай күлер рүү талли бодис цацсанаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Тэрээр зам тээврийн осолд өртсөн машинаас болж тус үйлдвэрийн хуульчтай зөрчилдсөн нь ийнхүү тэнэг үйлдэл хийхэд нь нөлөөлсөн аж.

Энэхүү хэрэгтэй холбоотой маш олон бүрхэг асуултууд урган гарч ирсэн бөгөөд сэжигтэн этгээдийн цаашдын хувь заяа хэрхэх, цонхны ойр суудаг хүмүүс яагаад бусдаасаа бага хордсон, амь алдсан Максим Терещенкогийн цогцост задлан шинжилгээ хийвэл уг хордлого нотлогдох эсэх гээд маш олон асуулттай холбоотой хэлэлцүүлгийг “Шууд эфир”-ээр сонирхоорой.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250