...
...

Олимпийн аварга шагналын машинаа зарж, хүүхдийн эмчилгээнд хандивлажээ

“Пёнчан-2018” Олимпийн наадмын аварга Илья Ковальчук шагналд авсан BMW X5 машинаа зарж, Алтайн хязгаарын өсвөр насны хүү Яков Любченкогийн хагалгааны төлбөрт хандивласан байна.

Алтайн хязгаарын “Спаси жизнь /Амийг нь авраач/” буяны сангийн сайтад мэдээлснээр, 13 настай Яша Любченко хүндээр өвчилсөн бөгөөд Москва дахь Блохины нэрэмжит хавдар судлалын төвд эмчлүүлж байсан аж.

Хүүгийн хөлний холбоос эдүүдийг бүрэн гүйцэд сольж чадвал түүнийг аврах боломжтой байсан бөгөөд тусгай зориулалтын протез болон зайлшгүй шаардлагатай нөхөн сэргээлтэд 2,7 сая рубль шаардагдаж байсан гэнэ.

Хүүг эмээ нь ганцаараа өсгөж хүмүүжүүлж байгаа учраас мэдээж, тэдэнд тийм хэмжээний мөнгө олох боломж байсангүй.

Харин алдарт хоккейчин эр хүүгийн тухай сонсонгуут түүнд туслахаар шийджээ. Ингээд Өмнөд Солонгост болсон Өвлийн Олимпоос алтан медаль хүртсэний төлөө шагналд авсан үнэтэй машинаа “Коламбус”-ын хамгаалагч Артемий Панаринд 7,1 сая рублээр зарсан аж.

Энэ тухайгаа Илья Ковальчук өөрийн инстаграмм хуудаснаа: “Найзууд аа! Машин маань зарагдчихсан шүү! Бүгдэд нь маш их баярлалаа! Мөнгөний зарцуулалтын талаар та бүхэн удахгүй мэдэх болно!” хэмээн баяртайгаар мэдэгдсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ