Хятадын Хэбэй мужийн Уань хотын эрх баригчид 118 хүүхэд үрчилж аван, хятад даяар алдаршсан эмэгтэйг баривчилсан байна. Түүнийг шантааж хийсэн, олон нийтийн хэв журмыг зөрчсөн гэх мэт олон хэрэгт буруутган баривчилж, хувийнх нь хүүхэд асрах газрыг хаах шийдвэр гаргажээ.

Ли Лицзюань 1996 оноос өнчин хүүхдүүдийг үрчилж авч эхэлсэн бөгөөд үүнээс хойш 11 жилийн дараа буюу 2007 онд “Хайрын тосгон” хэмээх хувийн асрамжийн газрыг нээсэн гэнэ. Тэрээр нийт 118 хүүхдийг үрчилж авсан бөгөөд түүний үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр идэвхтэй сурталчилсан учраас Хятад орон даяар алдаршсан аж.
Цагдаагийн газрын мэдээлснээс харахад, энэхүү хятад эмэгтэй өөрийн буяны үйл ажиллагааг хувьдаа баяжих хэрэгсэл болгон ашиглаж, улсын төсөв болон хандивлагчдаас асар их хэмжээний мөнгө хүлээн авсан гэжээ.
Тэрээр асрамжийн газрынх нь дээгүүр кабель шугам татах шаардлагатай болсон компаниас 70 мянган юань, мөн нэгэн зочид буудал болон эмнэлгээс 300 мянган юань нэхэж авсан гэнэ.
Мөн түүний асрамжийн газарт байсан зарим хүүхдүүд өнчин биш, эцэг эхтэй хүүхдүүд байсан бөгөөд эрх баригчдыг мэхлэн улсаас тэтгэмж авахын тулд тэдний нэрийг ашиглаж байсан гэжээ.
Түүний банкин дахь 20 сая юань /3,1 сая доллар/ болон 20 мянган доллар бүхий дансуудыг Цагдаагийн газар тус тус “царцаан”, асрамжийн газрыг хаан 74 хүүхдийг өөр тийш шилжүүлсэн аж.
Саятан эмэгтэйн асрамжийн газарт хулгайлагдсан хүүхдүүд байж болзошгүй хэмээн эрх баригчид сэжиглэж байгаа учраас хүүхдүүдийн хурууны хээ, цусны шинжилгээг авч, алга болсон хүүхдүүдийн мэдээллийн сантай тулгахаар болжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
endees arai manai mongol ohin oldox yum bish bgaa