...
...

Роботоор анх удаа хорт хавдар авчээ

АНУ-д хүний нурууны нугаламд үүссэн хорт хавдрыг анх удаа робот ашиглан хагалгаа хийж авсан байна. Энэ нь хордом хэмээн нэрлэгддэг ховорхон тохиолдох хорт хавдар байсан аж.

Хүний хүзүүний нугалам хэсэгт хийсэн энэхүү гайхалтай мэс ажилбарыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэн эмч нар хийжээ. Хагалгааны үеэр тэд робот мэс заслын аргыг ашигласан байна.

Ер бусын энэхүү хагалгааг хийлгэсэн өвчтөн нь Нью-Йорк хотын оршин суугч, 27 настай залуу байжээ. Тэрээр хоёр жилийн өмнө зам тээврийн осолд орж, ноцтой гэхээргүй бэртэл гэмтэл авсан хэдий ч түүнээс хойш хүзүү нь хөндүүр өвчтэй болсон гэнэ.

Ингээд нарийвчилсан шинжилгээ хийлгэх явцад түүний нэг нугаламд хордом хэмээх хорт хавдар үүссэн болох нь тогтоогдсон байна. Энэ нь хорт хавдрын маш ховор тохиолддог хэлбэр бөгөөд анагаах ухааны уламжлалт аргаар хавдрыг авахад хүрвэл насан турш өрөөл татуу болох асар өндөр эрсдэлтэй байсан аж.

Хэрэв эмч нар хордомын ганцхан эсийг л авахгүй үлдээчихвэл маш хурдацтайгаар ахин ургаж эхлэх магадлалтай байж. Иймд тэд роботжуулсан мэс заслын технологийг ашиглахаар шийджээ. Ийм төрлийн мэс засал өмнө нь дэлхий дээр хаана ч хийгдэж байсангүй.

Хагалгаа гурван үе шаттайгаар явагдсан байна. Эхний шатанд мэс засалчид хэт авианы төхөөрөмжийн тусламжтайгаар хавдартай хэсэг дэх нугаламыг тайран авч, ясны хэсгүүдийг салгаж авчээ. Дараа нь тэд робот ашиглан, нөгөөх нь “замыг цэвэрлэж”, шинээр үүссэн хавдрыг төвөнхөөр дамжуулан гаргаж ирсэн байна. Сүүлийн шатанд, өвчтөний ташаа хэсгээс авсан ясны эдийн тусламжтайгаар нугаламын ясыг сэргээсэн гэнэ.  

Энэхүү мэс ажилбарт нийтдээ 20 цаг шаардагдсан бөгөөд хоёр бүтэн өдөр дамнуулан хийж дуусгажээ. Өвчтөнд хагалгаа хийснээс хойш 9 сар өнгөрч байгаа бөгөөд нэлээн эерэг үр дүн харагдаж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ