Өглөө эрт сэрүүлэгний чанга дуунаар цочиж сэрэнгүүт цонхоо нээхээр галын өрөө рүү ухасхийлээ. Ингээд хаалганд хүрэв үү, үгүй юу ойчиж буйгаа мэдрэв. Юу болсныг ухаарч амжаагүй байтал хамар минь бараг шаланд тулан, “битгий л хөх няц болчихоосой билээ...” хэмээн бодож амжлаа.
Ингээд сэхээ ортол эрүүгээрээ шалан дээр тулчихсан, хамраараа галын өрөөний хаалга мөргөсний улмаас аймшигтай шархиран өвдөж байв. Аажуухан өндийн толинд хартал азаар, хөх няц болсон юм харагдсангүй.
Харин ар дагз л тоосгоор цохиулчихсан мэт янгинан өвдөж байв. Шинэхэн чанасан кофегоо уухаар ширээний ард суун, анхны балгалтын дараа өөрийгөө маш таатай бөгөөд хачирхалтай байдлаар мэдрэв. Нүдний өмнүүр яг л кино мэт ойлгомжгүй дүрс харагдлаа.
Би хурдны замын голд зогсох бөгөөд хар судалтай, ямар нэгэн гадаад хэлээр бичсэн бичиг бүхий цагаан өнгөтэй ачааны тэрэг намайг чиглэн хурдлах аж. Би гараараа толгойгоо хаан хажуу тийш огцом эргэтэл хурдны зам дээр хөмрөн унасан суудлын тэрэгний онгорхой хаалгаар хүний бие унжсан байхыг олж харав. Нөгөө ачааны тэрэг миний дэргэдүүр шүргэх мэт ойрхон өнгөрөн зогслоо.
Ингээд туслахаар гүйн ирсэн ачааны тэрэгний жолоочтой хамжилцан нөгөө эрийн биеийг өргөн машинд нь орууллаа. Бэртсэн залуугийн нээлттэй байгаа том хар нүдийг дөнгөж харж амжтал миний гарт түүний нэрийн хуудас атгагдав.
Гэнэт хачирхалтай үзэгдэл алга болоход би ширээний ард суусан чигтээ, нэг гартаа аягатай кофе, нөгөө гартаа нэрийн хуудас барьжээ...
Сарын дараа Туркт ажиллах гэрээ байгуулан, Антали руу нислээ. Зочид буудлын өрөөнд эд зүйлсээ тавьчихаад, автомашин түрээсийн хамгийн ойрын товчоог зорилоо. Уг товчооны эзэн залуухан эр шаардагдах бичиг баримтуудыг шуурхай бөглөв. Тэрээр над руу төдийлөн анхааралгүй, гипстэй гараа хөдөлгөхийг байнга оролдох аж.
Ингээд сарын өмнө осолд орсноо тайлбарлаад, баримт бичигт гарын үсэг зуруулахаар сарвайх үедээ миний нүд рүү харлаа. “Энэ хар нүдийг би хаа нэгтээ харсан юм шиг” гэх бодол гэнэт төрөнгүүт цүнхээ нээн нэрийн хуудсыг гаргаж ирэв. Тэр ч намайг харснаа, хурдны зам дээр гарыг нь боож өгсөн хамрын алчуурыг сарвайлаа...
Би “хий сүнсний” талаар хэд хэдэн сайтаас мэдээлэл уншсаны дараа сарын өмнө шалан дээр уруугаа харан ойчсоны дараа ар дагз яагаад хүчтэй өвдсөнийг ойлгох шиг болов. “Хий сүнс” маань ийм маягаар намайг холдуулсан учраас тэр үед ямар ч хөх няц үүсээгүй бололтой.
Ийнхүү би, эсвэл миний “хий сүнс” ирээдүйн нөхрийг минь аварчээ. Заримдаа нөхөр минь над руу хачирхалтай харан, “айж байна” гэж хэлдэг. Түүнийг юу айлгаж байгааг би асуудаггүй. Юу болохыг хувь төөрөг зурсан, тэр л зүйл тохиолдоно гэдгийг би одоо мэддэг болсон...
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn