...
...

Бөхийн холбооны маргаан НААДАМД нөлөөлөх вий!

Бөхийн холбооны маргаан баяр, наадамд нөлөөлөх вий. Яг үнэндээ ийм нөхцөл байдал үүсч, бөхчүүд сүүлийн хэдэн сар заал танхимын барилдаандаа барилдаж чадалгүй завсардаж, Бөхийн өргөө одоо хүртэл үүдээ нээгээгүй байна. Монгол хүмүүс эрийн гурван наадмаа дээдэлж ирсэн дээд уламжлалтай. Өдийд бөхчүүд наадмын бэлтгэлээ эхлүүлж, үндэсний баяртаа бэлтгэж эхэлсэн байдаг ч Бөхийн холбоо тойрсон хэл ам, үл ойлголцол нэг талдаа гараагүй л байна. 

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин бямба гаригийн амралтын өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллажээ. 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил жигд, сайн явж байгааг Шадар сайд хэлээд наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Салбар комиссууд ажлаа эрчимжүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болгосон байна. Шадар сайд наадмын бэлтгэл ажлын хүрээнд уяач, бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах болон ард түмнээ сайхан наадамлуулах, наадмаа ямар нэгэн будилаан, маргаангүй шударга зохион байгуулах талаар ярилцсан гэдгээ энэ үеэр хэлсэн аж. 

Тухайлбал, Монгол Улсын долоон аваргыг хүлээж авч уулзан, Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ. Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт санал нэгдсэн байна. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.

Уулзалтаар хөндөгдсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байжээ. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдэж, допингийн эсрэг хүчээ нэгтгэхээр болсон байна. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэж Шадар сайд үзсэн байна. 

Эх сурвалж: Zasag.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ