Манай гэр бүл хамгийн үлгэр жишээ мэт надад үргэлж санагддаг. Аав, ээж хоёр маань бие биедээ ухаангүй хайртай. Тэд хэдийн 50 гаруй настай болсон ч яг л гал халуухан залуу хосууд мэт байнга гараасаа хөтлөлцөж явна.
Аав маань ээжийг ажлаас нь байнга цэцэг барин тосно, тэгээд заримдаа зугаалахаар, нугас хооллохоор, эсвэл кино үзэхээр түүнийг авч явдаг юм.
Тэднийг хараад би хүүхэд байхаасаа л яг ийм гэр бүлтэй болохыг мөрөөдөж эхэлсэн. Тэд хэзээ ч хоорондоо маргалддаггүй. Хоол ундаа хамт бэлтгэцгээнэ. Зарим амралтын өдрүүдээр найзууд руугаа очлоо гээд хаа нэг тийшээ явцгаадаг юм.
Харин ахын нэг танил найз нь хотын захад байрлах нэгэн зочид буудалд ажилладаг бөгөөд тэнд аав, ээж хоёртой маань таарсан байна лээ. Тэд буудалд өрөө аван, лаа асааж, дарс захиалаад их романтик байдаг гэсэн. Энэ бүгдээс харахад, тэд зүгээр нэг гэр бүл бус, бүр төгс төгөлдөр заяаны хосууд мэт санагдахаар.
Гэвч би саяхан гэр бүлийнхээ талаар нэгэн түүхийг мэдээд, аав ээжээрээ бахархах сэтгэл улам хүчтэй болж билээ.
Бид эцэг эхээс гурвуулаа бөгөөд би айлын бага юм. Харин миний том эгч аавын маань төрсөн охин биш гэнэ. Ээж түүнийг төрүүлээд удаагүй байтал эгчийн аав нь тэр хоёрыг үүрд орхиод явчихаж.
Ээж маань түүнд ухаангүй хайртай байсан боловч тэр зүгээр л яваад өгч, ор сураггүй. Ээж түүний төлөө гэр орныхонтойгоо түнжин тасарч, сургуулиа хаян, өөр хотод дагаж очсон байжээ.
Гэвч эцсийн дүнд юу болов? Хүүхэд нь төрөнгүүт тэр залуу зүгээр л усанд хаясан чулуу мэт ор сураггүй алга болчихож. Ингээд ээж маань хүний нутагт, өөр хотод, ямар ч хамаатан садан байхгүй, мөнгө төгрөггүйгээр эгчийг ганцаараа өсгөхөөр болжээ.
Эгчийг ой гарантай байхад ээж маань аавтай танилцсан юм байна. Тухайн үед ээж хүүхдийн яслид ажилд ороод, эгчийг мөн тэнд асрахаар болжээ. Аав тэр яслид мужаанаар ажилладаг байж.
Тэд танилцаад, аав шууд л ээжид дурласан байна. Тэгээд удаан хугацаанд эргэлдэж тойролгүй, нэг сарын дараа гэхэд гэрлэх санал тавьсан аж.
Ээж ч зөвшөөрч. Түүнд өөр гарц байсангүй. Ганцаар хүүхдээ өсгөнө гэдэг маш хүнд байлаа. Ингээд аав маань ээжийг дагавар охины хамт хүлээн авчээ.
Тэр үед эцэггүй хүүхэд гэдэг бараг л шившигт үзэгдэл мэт байсан цаг. Харин аав маань өөрийн гэр бүлийнхний хориг, зөрчлийг үл хэрэгсэн, дагавар хүүхэдтэй ээжтэй маань гэрлэсэн аж.
Харин тэр үед ээж маань түүнд хайргүй, зөвхөн амьдралын шаардлагаар гэрлэж байгаа гэдгээ шууд хэлсэн гэдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд бидний ярьдагчлан “дасан дурлах” гэгч болж, ээж маань аавд хайртай болон түүнд хувь заяагаа бүрэн даатгажээ.
Ингээд манай энэхүү үлгэр жишээ сайхан гэр бүл цогцлон, өнө удаан хугацаанд тэд бие биенээ гал халуунаар хайрласаар, үргэлж хамтдаа аз жаргалыг бүтээсээр явна...
Орчуулсан Д.Мигаа
Эх сурвалж: www.Zindaa.mn