Монгол орон зэсээр баялаг улс. Тиймээс ч социализмын үеэс Орос “ах” нартайгаа хамтран “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулан дэлхийн зах зээлд арилжаалж, дотооддоо гол “саалийн үнээ” болгон ашиглаж ирсэн. Мөн энэхүү “үнээнээс” илүү үнэд хүрэх Оюу толгойн ордоос зэс, алтны хүдрийн баяжмал урагш нь зөөж буй. Гэвч сүүлийн үед зэсийн үнэ огцом унаж эхэллээ. Лондонгийн металын биржид тонн зэсийн үнэ 5095 ам.доллар болтлоо унав. Урьд нь, тодруулбал, 2011 онд зэсийн дэлхийн дундаж ханш 9000 ам.доллар байлаа. Энэ удаагийн ханшийн уналт хэдий хугацаанд үргэлжлэхийг зах зээл судлаачид тодорхой хэлэхгүй байна. Ямартай ч манай улсын хувьд “Эрдэнэт”, “Оюу толгой” хоёроосоо төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн мөнгөө бүрэн олж авч чадахгүйд хүрчээ.
Манай урд хөрш Хятад улс зэсийн зах зээл дэх хамгийн том тоглогч бөгөөд дэлхийн нийт цэвэр зэсийн 24 хувийг дангаараа гаргаж байгаа. Зэсийн хэрэглээ нь ч өндөр түвшинд яригддаг. Тус улс зэсийн үнийн энэ удаагийн савалгаанд манайхыг бодвол хамаагүй илүү тэсвэртэй бололтой. Харин дэлхийн хэмжээнд зэсийн хэрэглээ багасч, үйлдвэрлэл буурч, үнэ унаж буй нь монголчуудын “амийг тасалж” мэдэх аюултай савалгаа ажээ.
Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 орчим хувийг бүрдүүлдэг. 2015 оны төсөв батлахад урьдынх шигээ “угжуулах” сэтгэлгээгээр хандаж зэсийн үнийн уналтыг урьдчилж тооцоогүй нь төрийн түшээдийн алдаа болж байна. Төрийнхөн болон төсөвчид нь зэсийн ханш 6300 байхаар “тааж” бууджээ. Тэд Эрдэнэт үйлдвэрээс татвараар 447.5 тэрбумыг, Оюу толгойгоос 324.3 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр болсон юмсанж. Гэвч шувтарсан цагаан бумба гэгчийн замаар орж байна.
Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хэмнэлтийн хатуу горимд шилжлээ. Гэлээ ч гэсэн ойролцоогоор энэ онд 100 тэрбум төгрөгийн татвар төлөх боломжгүй боллоо гэж дарга нар халаглаж буй ажээ. Хямралыг давж гарахын тулд тэд бүсээ чангалахыг үүрэгдэж байна. Хасч танаж болох бүх зардлаа хасаад махийх аж. Эрчим хүчний зардлаа 5.3 тэрбумаар хасах шийдвэр гаргав. Ийнхүү үр ашиггүй гэсэн болгоноо танаад танаад зэсийн үнэ ханшийн уналтын дээр гарч дийлэхгүй нь бололтой. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн өртөг яаж ч чардайгаад 5200 доллараас буухааргүй байна. Ийм нөхцөлд ажилчдынхаа орон тоог хасах уу. Магадгүй ингэхээ өөр замгүй болж мэднэ.
Эрдэнэт үйлдвэр зэсийн үнийн уналтаас болж 200 тэрбумын алдагдалтай ажиллана гэсэн тооцоо бий. Гэхдээ энэ хэр зэрэг бодитой вэ гэдгийг төр, засгийнхан бүрэн хянаж буй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Төрийн мэдлийн томоохон саалийн энэ “Үнээ” рүү хувийн олз айж хошуурагчдын зам мөр бүрэн хаагдаагүй байгаа нөхцөлд энэхүү үнийн уналтыг далимдуулан санхүүгийн тооцоон дээр тоглогчид гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Төрийн өмчийн хорооны өнөөгийн удирдлага буюу Нанзаддоржтонгууд энэ талаар ямар мэдээлэлтэй, эрсдэлийг даван туулахын тулд Эрдэнэт үйлдвэртэй хэрхэн хамтарч, яаж тусалж ажиллаж байгаа нь тун бүрхэг бүүдгэр байна. Уг нь төрийн мэдлийн үйлдвэрүүд, тэдгээрийг зангидаж буй ТӨХ илүү нээлттэй байх учиртай.
2012 онд төрийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдал 64 тэрбумд хүрээд байсныг сонгуулийн дараахан ТӨХ-ны даргаар томилогдон ажилласан Д.Цогтбаатар шинэ менежментэд шилжүүлэн Эрдэнэт зэрэг үйлдвэрүүдийг богино хугацаанд санхүүгийн хүндэрлээс гаргаж чадсан юм. Гэтэл үүнтэй нь зэрэгцээд “Эрдэнэт”-ийг “Оюу толгой”-той нэг дээвэр дор оруулж, “Эрдэнэс Монгол”-той нэгтгэх замаар “Оюу толгой”-оос хүртэх Монголын 34 хувийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлж болно гэсэн зарим улс төрчийн хөгийн лобби төрийн ордонд хүчтэй яригдаж байлаа. Хэрвээ Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийг Канад, Английн Фрийдланд, Рио зэрэг хамтрагчдын мэдэлд өгвөл Эрдэнэтийн зэсийн баяжмалаас олж буй ашиг орлого үндсэндээ хяналтаас гарах нь тодорхой юм. Иймээс ч ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар энэхүү хорлонтой лоббиг сөрж зогссон байв. Үүнийх нь шанд түүнийг харин өнгөрсөн өвөл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэв гэнэт, өөрт нь ч урьдчилж мэдэгдэлгүйгээр, ямар нэгэн шалтаг шалтгаан хэлэлгүй шууд ажлаас хуссан байна лээ. Ноёнтой өстэй бол толгойгүй, нохойтой өстэй бол хормойгүй гэгч манжуудаас гаралтай “мэргэн” үг Д.Цогтбаатарт ингэж биеллээ олжээ. Түүнийг шударга ажилласныхаа төлөө Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс “занаанд” өртөж, Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд болмогцоо гудамжинд хөөж гаргасан байна. Уг нь Д.Цогтбаатар ном журмын дагуу буюу Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар ТӨХ-г толгойлж байжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хуудуутай араншин зэсийн үнийн уналтыг дагаад улам хувьсамтгай болж байна. Тэрбээр Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замыг барьж байгуулах төслийг Засгийн газрын өмнөөс хариуцан ажиллаж байгаа “Монголын төмөр зам” ТӨХК-ийг Хятадын төрийн эзэмшлийн Шиньхуа групптэй хоршуулах нэрийн дор тус группт хувь эзэмшүүлэх далд тохироо хийхийг санаархах боллоо. Энэ хүслээ гүйцээхийн тулд удахгүй Хятадад айлчилна.
Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр урьд нь сонгож авсан Солонгосын “Самсунг” групп, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд санхүү, гүйцэтгэлийн маргаан үүсээд удаж байгаа юм. Гээндээ ч, гоондоо ч гэгчээр аль алинд нь алдаатай зүйл их бий. Наад зах нь энд “Самсунг”-тай гэрээ байгуулаад төмөр замын газар шорооны ажил хийж байсан манай үндэсний 10 гаруй компанийн ажлыг энэ оны 2 дугаар сараас зогсоож, сул зогсолтын мөнгийг нь өгөхгүй “луу унжиж” байна. Эдгээр будлианыг “зохиогчид” хувьдаа хэдэн төгрөг тоншсоныг таах аргагүй байна. Шиньхуатай хийх шинэ наймаа нь бас тэдэнд хэдэн “ногоон” халааслуулахыг таашгүй. Ер нь манай төр засгийнхан Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой зэрэг том “саалийн үнээ” рүү иймэрхүү л аргаар бүлэглэн дайрч, халаасаа зузаалахыг хичээж буй нь нууц биш ээ.
О.Ононцэцэг
Эх сурвалж: Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб